Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Tesla”-ийн салбарыг Монголд байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжинэ
6 сарын 7, 2023

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Tesla”, “SpaceX” компанийн Гүйцэтгэх захирал, “Twitter”-ийн Технологи хариуцсан захирал Илон Масктай цахилгаан автомашины хэрэглээ, ногоон технологи нэвтрүүлэх талаар цахимаар ярилцсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ онцлоод иргэдээ цахилгаан автомашины хэрэглээнд уриалж, Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийлжээ. Мөн “Тesla” компанийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох зэс болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх, уул уурхайн том оврын авто машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлах хүсэлт тавьсан байна. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Маскийг ирэх долоодугаар сард Улаанбаатарт болох Монголын эдийн засгийн форумд оролцохыг урилаа.

Харин Илон Маск “Starlink” интернэт бол хүн амын нягтаршил багатай Монгол Улсын хувьд маш тохиромжтой гэж үзэж байна гэж онцоллоо. Мөн тэрбээр "Монгол Улсын хувьд цэнэг хураагуур үйлдвэрлэхэд шаардлагатай нөөц баялаг ихтэй. Монголд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж, хамтарч ажиллахдаа таатай байх"-аа илэрхийлжээ. Түүнчлэн Илон Маск "Монголыг сонирхдог, боломжтой цагтаа Монголд айлчлах"-аа онцолсон байна.