Гурван аймагт гарсан галыг унтраахаар ажиллаж байна
4 сарын 16, 2019

Хуурайшилт ихтэй байгаа энэ өдрүүдэд ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд иргэдийн хайхрамжгүй байдлаас болж нийслэлд гурван газарт түймэр асч, айлууд зуслангийн байшин шатсан харамсалтай хэрэг гарав.

Нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч ой хээрийн түймэр ассан байдалтай байна. Энэ сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд идэвхитэй асч байгаа зургаан хэсэг газарт түймэртэй байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сумдад тус бүр нэг, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хоёр түймэр, Дорнод аймагт хоёр түймэр идэвхитэй асч байгаа аж.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум, орон нутгаас нийт 300 гаруй хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.