Шинэ төрлийн корона вирус хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоожээ
1 сарын 21, 2020

Шинэ төрлийн “2019-nCoV” короновирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны улмаас БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод дахин нэг хүн нас баржээ. Энэ нь тус вирусээр халдварлаж нас барсан дөрөв дэх тохиолдол болж байна.

Үхань хотын эрүүл мэндийн хорооны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, нас барсан дөрөв дэх өвчтөн 89 настай эрэгтэй байж. Түүнд нэгдүгээр сарын 13-нд шинэ вирусын халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 18-нд биеийнх нь байдал хүндэрч эмнэлэгт хүргэгдэн, нэгдүгээр сарын 19-нд орон нутгийн цагаар 23 цаг 39 минутад нас барсан байна.

Үхань хотын эмнэлэгт шинэ төрлийн коронавирус илсэрсэн 169 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 35-ынх нь биеийн байдал хүнд байна хэмээн хотын эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

Шинэ төрлийн вирус нь хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо даваа гарагт нотолсон юм.