Хөдөлмөрийн тухай хуульд 13 настай хүүхэд хөнгөн ажил эрхэлж болно гэж тусгажээ
4 сарын 15, 2018

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. 

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр болон гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсрууллаа гэж  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулгадаа дурдав.

Хуулийн төсөлд, ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрх, ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүрэг, эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглох, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тус тус тусгаж өгчээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.  

 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хуулийн төсөлд хөдөлмөрийн дотоод журмын үйлчлэх хүрээ, хамаарах асуудлыг тодорхойлсон эсэх, жендерийн эрх тэгш байдлыг хэрхэн зохицуулсан, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан байгууллага бүр үйлдвэрчний эвлэлийн салбар нэгжтэй байх тухай, хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлийг хуулийн төсөлд хэрхэн тодорхойлсон, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Н.Номтойбаяр нар хуулийн төсөлд шинээр тусгагдсан хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг гадаадад ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэрхэн зохицуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт Монголын үйлдвэрчний эвлэлийн санхүүжилт, чиг үүргийн талаар асуулт асууж, хариулт авлаа.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.