Хулгайгаар зорчигчдыг гэрт нь тусгаарлаад байна
11 сарын 16, 2020

Улаанбаатар хотоос  өчигдөр (2020.11.15) хулгайн замаар Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэвтэрсэн гурван иргэнээс Covid-19-ийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр нь эерэг гарснаар тус аймгийн шуурхай штаб, Онцгой комисс шуурхай хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргаад байна. Тодруулбал, Хэнтий аймгийн бүх үйлчилгээний байгууллагыг түр хааж, тус аймгийн төв Чингис хот болон бүх сумын автомашины хөдөлгөөнийг зогсоож, иргэдийг гэрээс нь гаргахгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохион байгуулалт хийгээд буй юм. Хэнтий аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб, хариу арга хэмжээ авах багаас таван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, түргэвчилсэн оношлуураар шинж тэмдэг илэрсэн иргэдэд хүрч ажиллаж байгаа бөгөөд цусыг Дорнод аймаг руу явуулж, 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу нь гарах юм.

Дээрх хурлын үеэр албаны эх сурвалж "Өчигдөр шөнө Улаанбаатар хотоос хулгайгаар зорчигчдыг Багануурын Хэрлэнгийн постоос цагдаа нар Улаанбаатар хот руу буцаасан бөгөөд тэд голоор гарч, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх сумдаар дайрч аймгийн төвийн урд талын Хангарьд шатахуун түгээх станцаар (ШТС) үйлчлүүлж, Чингис хот дахь Хэрлэнгийн гүүрнээс 70 км зайд орших Баянхутаг сумын "Заан Ширээ" гэх газар өвөлжиж буй гэртээ харьсан" гэж мэдээлэв. 

Одоогоор Цагдаагийн газар, Тагнуулын газарт хулгайгаар зорчигчдын маршрутыг гаргах, хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна. Хулгайгаар зорчигчдыг гэр гэрт нь тусгаарлаад байгаа бөгөөд "Хангарьд" ШТС-ын түгээгч, түгээгчээ тээвэрлэсэн захирал нарыг тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажил үргэлжилж буй юм. 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.