27.7 тонн хагас боловсруулсан алт экспортолжээ
12 сарын 8, 2020

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 11741.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу 897.6 сая ам.доллараар буурсан байна. Экспорт, импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1968.5 сая ам.доллараар эерэг гарчээ. Монгол улс 2020 оны эхний 11 сард дэлхийн 149 улстай худалдаа хийснээс 73 улсад бараагаа экспортлож, 142 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.

Экспорт 6855.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 200.4 сая ам.доллараар буюу 2.8 хувиар буурсан байна. Тухайлбал, эрдэс бүтээгдэхүүний хэсэгт багтах барааны экспорт 1223.3 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 158.3 сая ам.доллараар тус тус буурсан нь экспортын бууралтад голлон нөлөөлжээ.

Чулуун нүүрс 2002.9 сая ам.долларын 27.0 сая тонн экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 941.0 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 7.8 сая тонноор тус тус бага байна. 2019 оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 84.6 ам.доллар байсан бол энэ онд 74.2 ам.доллар болж 10.4 ам.доллараар буурсан байна. Чулуун нүүрсний 95.1% БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмал 1256.3 мянган тонн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 36.4 мянган тонноор бага байна. Өнгөрсөн оны мөн үед зэсийн баяжмалын дундаж үнэ 1292.7 ам.доллар, экспортын үнийн дүн 1671.0 сая ам.доллар байсан бол энэ онд дундаж үнэ 1216.5 ам.доллар, үнийн дүн 1528.4 сая ам.доллар болж тус тус буурчээ.

Жоншны экспорт 140.1 сая ам.доллар ба 605.5 мянган тоннд хүрч 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 25.5 мянган тонноор, үнийн дүнгээр 47.1 сая ам.доллараар тус тус буурсан байна. Жоншны 76.6 хувийг БНХАУ-д, 23.1 хувийг ОХУ-д экспортлосон байна.

Бусад барааны экспорт

Тайлант хугацаанд 16942.8 тонн адууны мах, 1065.1 тонн хонь, ямааны мах, 902.5 тонн малын дайвар бүтээгдэхүүн, 80.4 тонн утсан, хатаасан мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна. Мөн түүнслэн үхрийн боловсруулсан мах 3403.4 тн, хонь ямааны боловсруулсан мах 15153.0 тн-ыг тус тус экспортолжээ.  2020 оны эхний 11 сард 27.7 тонн боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт экспортолжээ.

ИМПОРТ

Импортын зарим гол бүтээгдэхүүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулан үзвэл тайлант хугацаанд 545.1 мянган тонн автобензин импортлосон нь 2019 оны мөн үеийн дүнгээс 73.6 мянган тонноор их байна. Гэхдээ 2019 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 602.0 ам.доллар байсан бол 2020 оны эхний 11 сарын байдлаар 418.0 ам.доллар болж184.0 ам.доллараар буурсан нь үнийн дүнг 56.0 сая ам.доллараар буурахад нөлөөлжээ.

Дизель түлшний импорт тоо хэмжээний хувьд 916.8 мянган тонн болж 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 72.5 мянган тонноор, үнийн дүнгээр 385.6 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 226.5 сая ам.доллараар тус тус буурчээ. 2019 оны эхний 11 сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 618.7 ам.доллар байсан бол энэ онд 420.6 ам.доллар болж 198.1 ам.доллар буюу 32.0 хувиар буурсан байна.

2020 оны эхний 11 сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр элсэн чихрийн импорт 2495.5 мянган ам.доллараар, маргарины импорт 1810.7 мянган ам.доллараар, ургамлын тосны импорт 4117.7 мянган ам.доллараар, шахмал ногоон цайны импорт 246.3 мянган ам.доллараар, сонгино сармисны импорт 1454.5 мянган ам.доллараар, цагаан будааны импорт 4919.6 мянган ам.доллараар тус тус өссөн байна. Харин хуурай сүүний импорт 1630.9 мянган ам.доллараар, шар будааны импорт 575.0 мянган ам.доллараар; алим лийрний импорт 1506.6 мянган ам.доллараар, лууван, манжингийн импорт 587.5 мянган ам.доллараар тус тус буурчээ.

Хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 6 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ. Тухайлбал, шар будааны импорт 886.1 тонноор, алим лийрний импорт 2.3 мян.тонноор, хуурай сүүний импорт 0.8 мян.тонноор, байцааны импорт 1.5 мян.тонноор тус тус буурсан. Харин элсэн чихрийн импорт 4.8 мян.тонноор, цагаан будааны импорт 9.5 мян.тонноор, сонгино сармис 5.6 мян.тонноор, ургамлын тос 3.3 мян.тонноор гэх мэт 8 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр өсчээ.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэнд харуулав. Үүнээс харахад байхуу цайны импортын тонн тутмын дундаж үнэ 1150.1 ам.доллараар, цөцгийн тосны импортын дундаж үнэ 520.0 ам.доллараар тус тус буурсан бол, хуурай сүүний импортын дундаж үнэ 292.5 ам.доллараар, ургамлын тосны дундаж үнэ 48.8 ам.доллараар, алим лийрний дундаж үнэ 44.8 ам.доллараар тус тус нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: ГЕГ


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.