Дархан аварга Х.Баянмөнх  Допингийн эсрэг төвийн дарга нарыг шалгуулах гомдлоо АТГ-т хүргүүллээ
6 сарын 20, 2018

Дархан аварга Х.Баянмөнх  Допингийн эсрэг төвийн дарга нарыг шалгуулах гомдлоо АТГ-т хүргүүллээ. Тэрээр энэ талаараа "Би АТГ-т өөрийн гомдлоо өгчихөөд гарч ирлээ. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил ямар ч хууль, дүрэмгүй явж ирлээ. Хөндлөнгийн хяналтгүй, ганц эмч сувилагчийн мэдэлд байдаг боллоо. Энэ нь даамжирсаар бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг болсон байна. Энэхүү асуудлаас болж наадмаар ямар нэгэн асуудал дэгдэх шинж ажиглагдаж эхэллээ. Тиймээс АТГ-т хандаж, энэхүү асуудлыг шалгаж өгөхийг хүсч байгаа юм. Хамгийн сүүлд 14 бөхөөс допинг илэрсэн гэх мэдээ байна. Гэтэл бөхийн хуучин холбоо тавхан хүнээс илэрсэн гэж ярьж байна. Есөн хүн нь алга болчихлоо. Энэ ямар учиртай вэ гэдэг асуудал хардлага төрүүлж байна. Допингийн комисст ах дүү, садан төрлүүд төдийгүй нэг санаатай, санаа нийлсэн хүмүүс ажиллаж байгаа нь ингэж хардахад хүргэж байна. Ингэж бөхчүүдийн эрх ашгийг хохироох, заримынх нь сэтгэл санааг унагах, наадмын өмнөх бэлтгэлийг хүчгүйдүүлэх, нэр төрийг нь гутаах зэрэг үйлдлүүд допингоор далимдуулж явагдаж байна. Энэ асуудалд онцгой анхаарахгүй бол болохгүй" гэх тайлбарыг өгсөн юм.