Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 23.4 хувиар өсчээ
9 сарын 19, 2023

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын байдлаар 18.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 52.8 хувиар буюу 6.4 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт билээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний найман сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 13.3 их наяд төгрөг болсон байна. Өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөгөөр өсөхөд,

  • чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 3.6 их наяд
  • металлын олборлолт 907.0 тэрбум
  • газрын тос олборлолт 555.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин дараах бүтээгдэхүүний хэмжээ ес дахин өссөн байна. Үүнд,

  • зэсийн баяжмал
  • хүрэн нүүрс
  • мөнгөний баяжмал
  • чулуун нүүрс
  • баяжуулсан нүүрс
  • газрын тос
  • хайлуур жоншны баяжмал биет хэмжээ өсжээ.

Харин цайрын баяжмал, цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдэр нь өмнөх оны мөн үеэс 1.2-45.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарт самнасан ноолуур, ус, ундаа жүүс, цэвэр спирт, шингэн сүү, янжуур тамхи, цемент, металл бэлдэц, малын мах, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 3.5 дахин өссөн байна. Харин катодын зэс, гурил, цагаан архи, нүүрсэн шахмал түлш, шохой зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9–26.6 хувиар буурсан хэмээн Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.