Г.САЙХАНБАЯР: АМИА АЛДСАН ЦЭРГИЙГ ГАДНЫН НӨЛӨӨГҮЙ НАС БАРСАН ГЭЖ ҮЗСЭН
11 сарын 15, 2023

326 дугаар ангид цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг хоёр хоногийн өмнө гарсан. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Амиа алдсан цэргийн хэргийг холбогдох байгууллагынхан шалгаж байна. Тухайн үед 326 дугаар ангид юу болсон талаар хэвлэл мэдээлэлийнхэнд болон иргэдэд нээлттэй мэдээлж байгаа. Тус хэрэгт хойшлуулшгүй арга хэмжээ авч, задлан шинжилгээ хийж, шалтгаан тогтоох ажлыг хийж байна. Хуулийн хугацааны дараа шүүх шинжилгээний дүгнэлт гарна. Ангийн нөхцөл байдлыг цэргийн ар гэрийнхэнд танилцуулсан. Бидэнд ямар нэгэн асуудлыг нууж, өөрчлөх асуудал байхгүй. Камерийн бичлэгийг цагдаагийн алба хаагчид үзсэн. Урьдчилсан байдлаар цэрэг гаднын нөлөөгүй нас барсан гэдгийг бидэнд хэлсэн. Гэхдээ ямар шалтгааны улмаас амиа алдсан нь тогтоогдоогүй байна. Бид гүн  эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйж байгаа. Биднээс хамаарсан шалтгааны улмаас амиа алдсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Цэргийн алба хаагчдын дунд дэглэлт, яргалалт байхгүй” гэв.