Я.СОДБААТАР: Ерөнхийлөгчийн бичлэгийг хуурамчаар хийсэн хэрэгт холбогдуулан хоёр монгол иргэнийг шалгаж байна
11 сарын 20, 2023

-Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан үйлдлийг таслан зогсоохоор хууль хяналтын байгууллагад хандаж байгааг мэдэгдэж байна-

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хятадаар ярьж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Нийгмийн сүлжээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, тусгаар тогтнолын баталгаанд занал хийлсэн янз бүрийн мэдээ мэдээлэл гарах болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл удаа дараа явуулах боллоо. Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгах ноцтой үйлдэл болсонд харамсаж байна.

    Энэ нь улс орны аюулгүй байдал, Монгол Улсын нэр хүнд, тэр  тусмаа хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой занилхийлсэн үйлдэл болж байна. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч нь гадаад оронд улсаа бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр хүнд, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан энэ үйлдлийг таслан зогсоохоор хууль хяналтын байгууллагад хандаж байгааг мэдэгдэж байна.

    Энэ мэдээ мэдээллийн нийгмийн сүлжээнд зохион байгуулалтай оруулсан хүмүүсийг хууль хүчнийхэн олж тогтоогоод байна. Мөн энэ асуудлаар БНХАУ-ын хуулийн байгууллагад хандсан. Энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг шалгаж байна.  Энэ мэдээний хувьд Ерөнхийлөгч хичээлийн шинэ жилд зориулан хийсэн бичлэгийг ашиглаж, биеийн хөдөлгөөн, амны хайрцгийг ашиглаж хийсэн байна лээ" гэлээ.