ЗГ-аас олгосон санхүүгийн дэмжлэгийн 40-50 хувь нь шарил зөөхөд зарцуулагддаг
6 сарын 21, 2018

    Засгийн газраас хилийн чандад байгаа иргэддээ туслах сангийн дүрэм, зөвлөлийг шинэчлэхээр болжээ. Сангийн хөрөнгө нь улсын төсвийн, гадаад, дотоодын аж ахуй нэгж байгууллага иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандиваас бүрддэг.  Энэ сангийн дүрэм, зөвлөлийг шинэчлэснээр  гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд тулгардаг орчуулгын зардлыг гаргах зохицуулалт бий болгох зорилготой юм.

    Манай улсын 150 мянга гаруй иргэн гадаадад оршин суудаг бөгөөд тэдний эрх ашиг зөрчигдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдсээр байгаа билээ.  Өнгөрсөн 2009-2017 онд Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан 1,3 тэрбум төгрөгийг өргөдөл гаргасан иргэдэд санхүүгийн дэмжлэг болгон өгчээ. Энэ хөрөнгийн 40-50 хувийг нас барсан иргэний шарилыг эх оронд нь авчрахад зарцуулдаг байна. Үлдэх хувийг гадаадад ял эдэлж байгаа иргэдээ эргэх, эд хөрөнгөө гээж төлбөрийн чадваргүй болсон иргэдийг эх оронд нь буцаах зэрэгт олгодог гэсэн судалгаа гарчээ.