Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар алтан медалийн төлөө барилдана
1 сарын 24, 2020

Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” тэмцээн Красноярск хотноо пүрэв гарагт эхэлсэн ба Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар алтан медалийн төлөө барилдахаар болов.

Энэхүү 31 дэх удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болсон. Эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Намуунцэцэг, 59 кг-д барилдсан. Харин өнөөдөр ДАШТ-ий хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Шоовдор нар алтан медалийн төлөө барилдана.

Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны А.Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны М.Бакбергеноваг оноогоор цэвэр ялсан юм.

Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Э.Төгсжаргал, 70 кг-д Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Э.Даваачимэг нар өнөөдөр дагах барилдаан хийнэ.