ЦХХХ: Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн И-Монголиа системээр дамжуулан иргэд цахимаар төлбөрөө төлдөг
11 сарын 8, 2023

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулж цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна. Уг ажилтай холбоотой ЕС-ын зүгээс хугацаатай үүрэг даалгавар өглөө. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох И-Монголиа системийн 4.0 хувилбарыг 2024 оны нэгдүгээр сарын 1 гэхэд гаргахаар ажиллаж байна. Ингэснээр иргэн И-Монголиа руу нэвтэрч камераа гаргаад хүссэн газраа уншуулж QR тооцоо хийдэг болно. Үүнийг хийхдээ төрийн байгууллага, аж ахуй нэгжтэй хамтарч ажиллана. Ямар нэг өрсөлдөөн үүсгэхгүйгээр иргэдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэснээр далд эдийн засгийг ил болгох боломж бүрдэнэ. Мөн төрийн үйлчилгээтэй холбоотой орлого зардлын бүртгэл , халамж гэх мэт төрөөс олгогдож байгаа үйлчилгээг нэгдсэн системтэй холбож олон нийт хяналт тавих боломжтой юм” гэв.