ЭЗБХ: Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулна
12 сарын 8, 2022

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгынхорооны тогтоолуудыг баталлаа

   Хуралдааны эхэнд “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав.


   Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авсны дараа санал хураалт явуулав. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжин, баталлаа.

   Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ажиллах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар ажиллана.

УИХ-ынтогтоолын төслийг хэлэлцлээ

   Дараа нь Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. “Хилийн боомтуудаар ачаа,тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” тусгай шалгалтын сэдэвт тус хянан шалгах түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хурлын 31 дүгээр тогтоолоор байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн, хянан шалгах дээрх түр хорооны дарга Г.Ганболд саналаа танилцууллаа. Хянан шалгах хорооны үйл ажиллагааны явцад хянан шалгагч нарыг томилж, ажлын даалгаврыг баталсан бөгөөд холбогдох байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авч, ирсэн нотлох баримтуудыг нягтлан боловсруулах, нотлох баримтыг сонсголоор шинжлэн судлах тул хугацаа шаардлагатай байгаа аж. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг зургаан сарын хугацаагаар сунгаж ажиллуулах шаардлагатай хэмээн үзэж “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг төслийг боловсруулсан байна. Тус хянан шалгах түр хорооны томилсон хянан шалгагчид орон нутагт томилолтоор ажиллаж байгаагийн зэрэгцээ хилийн боомтууд, төмөр зам, Зам тээврийн яам, хуулийн байгууллагуудаас материал цуглуулж байгааг Г.Ганболд гишүүн дуулгаад, цуглуулсан материалуудад шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа гэв. Түүнчлэн БНХАУ-ын талд нотлох баримт цуглуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг илгээсний хариуд тус улсын гаалийн байгууллагад хандаж, шаардлагатай мэдээллээ авах боломжтой гэдэг хариуг ирүүлээд байгаа аж. Тиймээс Гадаад хэргийн яамаар дамжуулан тус улсын гаалийн байгууллагад хүсэлтээ явуулсан байна. Холбогдох материалууд ирсэн тохиолдолд тэдгээрийг нотлох баримт болгож ашиглах учраас хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг тайлбарыг тэрбээр хэлсэн. Тус хянан шалгах түр хороо энэ сардаа багтаан тусгай шалгалтын сэдвийн хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулж, Улсын Их Хуралд тайлангаа танилцуулах төлөвлөгөөтэй байгааг мөн дурдлаа.

   Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" тусгай шалгалтын сэдэвт Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2022 оны арван хоёрдугаар сарын 11-ний өдрөөс зургаан сараар сунгахаар төсөлд тусгажээ.


Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчийг сонголоо

   Улсын Их Хурлын даргын 2022 оны 190 дүгээр захирамж, Улсын Их Хурлын нэр бүхий 9 гишүүний хүсэлтийг үндэслэн боловсруулсан “Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүдийн ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай хүсэлтийг Т.Доржханд гишүүн танилцууллаа.

   Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.2, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, 6 дугаар зүйлийн 6.1.6, 25 дугаар зүйлийн 25.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.2,8 дугаар зүйлийн 8.2.2-т тус тус заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах хүсэлт гаргажээ.


Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

   Энэ өдрийн хуралдаан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд тусган, төслийн зүйл, хэсэг, заалт хасагдаж өөрчлөгдсөнтэй холбогдуулан ишлэл, дугааруудыг нийцүүлэн өөрчилсөн байна. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр хууль зүйн техникийн болон найруулгын шинжтэй засваруудыг хийсэн гэв. Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй болохыг тэрбээр танилцуулав.


   Хуралдааны төгсгөлд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Ж.Бат-Эрдэнэ гишүүн ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ. Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2022 оны 11 дүгээр захирамжаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Т.Доржханд, Г.Тэмүүлэн нар ажилласан байна. Ажлын хэсэг гурван удаа, дэд ажлын хэсэг долоон удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй саналуудыг томьёолсон болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулсан. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр; биржийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавигдах шаардлагыг тогтоох, биржийн зах зээлд оролцогч нарын үйлчилгээний төлбөр, хураамжийг тухайн оролцогчдын саналыг харгалзан тогтоох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох саналын томьёоллыг бэлтгэжээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн дээрх танилцуулгаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан түр завсарласан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.