Онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтны цугларалт эхэллээ
1 сарын 19, 2023

Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулагддаг “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны  цугларалт” өнөөдөр эхэллээ.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгж болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нарын 100 гаруй удирдах ажилтнууд хамрагдаж байна.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож нийт удирдах ажилтнуудад үүрэг чиглэл өглөө. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллага 2022 онд дэвшүүлсэн зорилго зорилтын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, олж авсан мэдлэг, туршлага, сургамждаа үндэслэн бэлэн байдлыг хангах, чадавхаа нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг системийн хэмжээнд үнэлж дүгнэн, эрсдэлийг бууруулах арга хэмжээг нарийвчлан төлөвлөх асуудал чухлаар тавигдаж байна.

Мөн төрийн үйлчилгээг ил тод шуурхай болгох, өдөр тутмын болон гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд дэвшилтэт арга хэрэгсэл, инноваци, цахим технологийг нэвтрүүлэх шаардлага байна.

Үүнээс гадна гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэгтэй онцгой байдлын байгууллагыг улам бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах асуудал нэн чухал юм.

Аливаа байгууллагын хөгжил нь тухайн байгууллагын албан хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадвар, дадлага, туршлагаас шалтгаалахаас гадна хүний нөөцийг хэрхэн байгууллагын зорилгод нэгтгэн удирдан зохион байгуулахаас шалтгаалж байдаг тул байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, сургалт хөгжлийн асуудлыг сайжруулж, төрийн албыг чадавхжуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр төр, засгаас баримталж буй бодлого, зорилтод нийцэж ажиллах шаардлага та бүхний өмнө тавигдаж байна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн өвөлжилтийн нөхцөл байдал сайнгүй, нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь цастай, зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд, 10 орчим хувьд бага эрсдэлтэй байна. Иймд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, зудын эрсдэлээс сэргийлж, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, гамшгаас хамгаалах санхүүжилт, төсөв хөрөнгийг бүрдүүлэлт, зарцуулалтад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг анхаарууллаа.

Хоёр өдөр үргэлжлэх тус цугларалтаар Онцгой байдлын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, 2023 оны зорилт, удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээ мэдээлэл өгч, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.