Б.ЭНХБАЯР: Хөгжлийн банкны гурав дахь сонголд 210 хүнийг гэрчээр дуудна
3 сарын 6, 2023

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ сарын 13-17-нд болох Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Тэрбээр "Хөгжлийн Банкны асуудлаар гурав дахь удаагийн сонсгол болох гэж байна. Төгсгөлийн буюу нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол МҮОНТ шууд дамжуулна. Арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн Банкны эх үүсвэртэй 2,542 зээлийн асуудлыг ярина. Нийт 1.6 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдах юм. Жижиг, дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан 3,280 мөнгөн хадгаламжийн хэлэлцэлд дүн шинжилгээ хийнэ. Мөнгөн удирдлагын асуудлыг мөн ярина гэсэн үг. Тухайн хадгаламжийг байршуулсан болон буцаан татсан асуудлыг багцалж ярина" гэлээ. 

Түүнчлэн "Хөгжлийн Банкны гурав дахь удаагийн сонсголд нийт 210 хүнийг гэрчээр дуудна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнчимэг, Н.Батбаяр болон түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр дуудах юм" гэв.