Х.БУЯНТҮМЭН: Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн мэдээллийг устгасан нь тогтоогдсон
3 сарын 14, 2023

Нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажлын явцад шинээр илэрсэн зөрчлийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нүүрсний гэх хэрэгт сүүлийн 10 гаруй жилийн хугацааны асуудлыг мөрдөн шалгаж байгаа учир нэлээд хугацаа орохоор байгаа. Мөн ажлын цар хүрээ өргөн байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Гэхдээ ажлын хэсгийн мөрдөгч нар хичээн ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Монгол Улсын хилээр буюу Гашуунсухайтын боомтоор манай улс руу нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр шалгалтын ажиллагааг явуулж байна. Ажлын хэсгээс хил хамгаалах болон гаалийн байгууллагатай хамтран тээврийн хэрэгслийн бүртгэлийн серверүүдийг шалгаж байгаа юм. 

Одоогийн байдлаар 11,000 гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" хэмээн мэдээллээ.