Монголын эрэгтэй 3х3 сагсанбөмбөгчид Ази тивийн хошой аварга боллоо
4 сарын 3, 2023

3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд Сингапур улсад зохион байгуулагдав. Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг аваргын төлөө Австралийн шигшээ багтай тоглож 21:18-аар хожиж Ази тивийн хошой аварга боллоо. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө Шинэ Зеландын шигшээ баг Хятадын шигшээтэй өрсөлдөж 19:13-аар хожиж хүрэл медаль хүртлээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй багаас Австралийн шигшээ баг тэргүүлж, аваргын алтан медаль хүртсэн бол Шинэ Зеландын шигшээ баг мөнгөн медаль, БНХАУ-ын шигшээ баг хүрэл медалийн эзэн тус тус боллоо.

Мөн манай эрэгтэй шигшээгийнхэн "Парис -2024" олимпийн сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцох эрх давхар халааслав. Эмэгтэй баг шөвгийн наймд шалгарсан. Монголын багийн Д.Дэлгэрням тэмцээний хамгийн үнэ цэнэтэй буюу шилдгийн шилдэг тоглогчийн (МVP) шагналыг бас хүртлээ.