Ардчиллын анхдагч С.ТӨМӨРБҮС: Ардчилал бол хүний дотоод эрх чөлөөг нээж өгдөг нүд, чих гэж би боддог
5 сарын 8, 2023

Монгол Улсад, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод ардчилал, эрх чөлөөний талаар анхлан хүчтэй яригдаж эхэлсэн нь 1989 он юм. Энэ шинэ үзэл санаа нийслэлээс хальж хөдөө орон нутагт ч түгэн дэлгэрч байсан бөгөөд алс сумын нэгэн жижигхэн байшингийн цонх шөнө дөл болтол бүдэгхэн ч гэсэн гэрэлтэй байдаг боллоо. Тэнд хэдэн залуус ардчиллыг дэмжиж, нутаг орноо шинэчлэх, сайжруулах талаар ярилцдаг байсны нэг нь Сэрээтэрийн Төмөрбүс хэмээх эрхэм билээ. Ийм л сэтгэл нийлсэн олон залуусын хүчээр Ардчилсан хувьсгал Монголд ялж, бидний өнөөдрийн эрх чөлөөт ниймгийн суурь тавигдсан юм. Ардчиллын анхдагчдын нэг С.Төмөрбүстэй ярилцсанаа хүргэе.


Ардчилал Монгол оронд маш зөөлөн салхиар орж ирсэн


-Таны нэр, таны түүх намтартай Монголын Ардчилсан холбоо салшгүй холбоотой байдаг. Анх хэдийд яаж МоАХ-той холбогдож байв?

-Монгол Улсад 1989 оноос ардчилал, хүний эрхийн талаар ярьж, жагсаал цуглаан болж эхэлсэн. Манай суманд ч энэ үеэр МоАХ-ны анхны салбар байгуулагдаж, тэр үеэс л анхны гишүүдийн нэг болж төдийгөөс өдий хүртэл явж байна даа.

-Та чинь Төв аймгийн хүн байх аа?

-Төв аймгийн Баянцогт сум бол төрсөн нутаг минь. 1971 онд сумынхаа долоон жилийн сургуулийг төгссөн. Ангиас долоон хүүхэд Жаргалантын 10 жилийн сургуульд явж, бусад нь хөдөө аж ахуйн салбарт илгээлт авч гарсан даа. Би Жаргалантын 10 жилийн сургуулийг төгсөөд Дархан-Шарын голын Усны аж ахуйн техниккумд газар зохион байгуулалтын ангид орж байлаа.

- Ажлын гараагаа хаанаас хэрхэн эхэлж байсан бэ?

-Сургуулиа 1976 онд төгсөөд ХААЯаманд хуваарилагдаж байв, Монгол Улсын газар тариаланд зохимжтой хөрсний бүрхэвчтэй газрын нэг нь Дорнод аймгийн Халхгол орчмын газар нутаг гэж үздэг байсан. Халх голын хөрсний судалгааг урьд нь төдийлөн нарийвчилж хийгээгүй байсан юм билээ. 1976-1977 онд ЗХУ-аас иж бүрэн хээрийн судалгааны экспедиц ирж Халх гол, Матад сум, Сүмбэрийн САА, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын газар нутгийг хамарсан 5,6 сая га газарт судалгааны ажлыг газар дээр нь хийх томилолт аваад явсан юм.

Манай экспедицэд тухайн үеийн Улсын газар зохион байгуулалт, хайгуул зураг төслийн институтийн инженер С.Чимиддамба даргатай хөрс судлагч, геоботаникч, газар зохион байгуулагч мэргэжлээр төгссөн манай ангийн М.Доржпалам, Б.Батмөнх, Ж.Орломжав, Д.Цолмон, Ц.Уртнасан, Л.Цогтоо, Г.Сувдаа, С.Нэргүй, Д.Баярмаа нарын бидний хэдэн нөхөд багтсан юм.

-Анхны томилолтын дурсамж одоо ч сэтгэлд тодхон биз?

-Буйр нуур гэж үзэсгэлэнтэй нуурыг анх харж байлаа. Тухайн үеийн манай орны загасны хамгийн том үйлдвэр Буйр нуурт байсан. Оросууд загас чанаад л өгнө, би идэж чаддаггүй байсан. Лусын амьтан гэж боддог байсан ч юм бил үү, одоо ч иддэггүй дээ. Мэнэнгийн талаар мөн ч олон удаа явсан даа. Тэр үед зээрийн сүргээс өөр айл, суурин, хүн мал юу ч байдаггүй байв. Нэгэн зохиолчийн шүлгэнд гардаг шиг өглөө асуухад Мэнэнгийн тал, өдөр асуухад Мэнэнгийн тал, орой асуухад дахиад Мэнэнгийн тал байлаа гэдэг нь ёстой л үнэн шүү. Хайлааст манхан, Хамардаваа, Тамсагбулаг, Элс уул, Булан дэрс, Нөмрөг, Сангийн далай Хэрээ уулын застав гэх хилийн бүс, мөн Халх голын дайны жинхэнэ халуун цэг байсан түүхийн дурсгалт газар нутагт судалгааны ажил хийж явснаараа одоо ч бахархаж явдаг юм аа.

-ХААЯ-нд мэргэжлээрээ ажиллаж байгаад Төв аймагт нутагтаа очиж амьдарсан гэдэг шүү дээ. Нутагтаа очиход хэрхэн хүлээж авч байв?

-Аав маань өнгөрч, ээж маань хүнд хагалгаанд орж, ээжийгээ асрах хэрэгтэй болсон юм. Сумандаа иртэл ажил олддоггүй. Өглөө бүр сумын боловсон хүчний үүдийг сахидаг ажилтай болов. МАХН-д элсэхгүй бол ажилд авахгүй шинжтэй байхаар нь намд элсэхээр өргөдлөө өгөөд, намын дүрэм журмыг сүрхий уншиж судаллаа. Тэгсэн ч намайг намд авсангүй. Тэгээд сумын тэжээлийн үйлдвэрт нярав боллоо. Өдөр шөнөгүй ажилладаг, баруун болон говийн аймгуудад машин машинаар тэжээл ачуулдаг. Нярав нэртэй ч грушик хүртэл хийнэ, хийхгүй юмгүй. Хүүхэд нялх болохоор ажлынхаа завсраар хүүхдээ хөхүүлээд ирэхэд олон нийтийн байцаагч Лхамхүү гуай таван минут хоцорлоо гээд л номхон зогсоогоод загнадаг байсан (инээв). Ажлаас хоцорлоо, “Олон нийтийн шүүхэд өгнө” гэж зэмлэнэ. Ийм үед л ардчилал, эрх чөлөөний тухай яриад эхэлсэн. Энэ бол Монгол оронд заавал байх ёстой үзэгдэл гэж би боддог. Ардчилал маш зөөлөн салхиар манайд орж ирсэн. Монголчууд ардчилалтай болох гэж цус, нулимс зэрэг хатуу хөтүүг үзээгүй. Тийм болохоор нэг их зөөлөн салхиар ардчилал манайд ирсэн гэж надад төсөөлөгддөг.

Миний хувьд би өөрөө ардчилал гэж санаачилж гүйгээгүй. Би МАХН-д элсэх гэхэд аваагүй. Мэргэжлээрээ ажиллая гэхэд зөвшөөрөөгүй. Мэргэжлээрээ яаманд ажиллаж байгаад ирсэн намайг ер нь дорд үзсэн хандлагатай байсан. Сангийн аж ахуйн удирдлагын аппарат нэг л болохгүй байгаа юм шиг санагддаг байсан.

-Яг ийм суурь дэвсгэр дээр л шинэ үзэл санааг та гар өргөн дэмжсэн юм байна, тийм үү?

-Өөрийн эрхгүй л дэмжсэн. Манай сумын Т.Хүчитбаатар гэдэг залуу анхлан санаачилж, надад санал тавьсан. Ц.Махвал, Г.Ганбаатар, Жамьянсүрэн болон Сангаа ах гээд бидний хэдэн залуус МоАХ-ны салбар нэгжийг сумандаа байгуулж, орой бүр уулзалт хийж ярилцдаг болсон. Баянбат, Гончигсум гээд залуу багш нар ч бидэнд дэм тус болдог байлаа. Сангаа ах, Хүчээ хоёр маань одоо бурхан болсон доо. Бид эхлээд шууд л сумын даргатай үзэлцсэн (инээв). Би таван настай хүүгээ дагуулаад энд, тэнд сонин наадаг байлаа. Хүмүүс эхэндээ ойлгохгүй, биднийг янз бүрээр ярина, шүүмжилнэ. Гэхдээ бид нэг их хатуу ширүүн зүйл үзээгүй ээ. Үүнийхээ хажуугаар тэжээлийн үйлдвэрийн нярвын ажил хийсээр л байсан. Өдөр шөнөгүй ажлаар дарна. Сангийн аж ахуйн дарга Дамдинсүрэн гуай гэж мундаг хүн байсан даа. Өөрийг нь шүүмжилдэг намайг шөнө өдөргүй пүүн дээр ажиллаж байгааг харчихаад “Энэ хүүхэд даарчихлаа. Дах дэгтий нөмөргө” гэж байх жишээтэй. Асар том агуулахаас машин машинаар бусад аймгууд руу тэжээл зөөдөг байсан үе л дээ.

-1989 оноос ардчиллын төлөө ажиллаж эхэлсэн гэхээр та нар бол ардчиллын анхдагчдын нэг юм байна шүү дээ...

-Анх л Монголд ардчилал ярьж эхлэхэд бид сумандаа бас ярьж, үзэл бодлоо нэгтгэж эхэлсэн. Төв аймагт ч янз бүрийн хөдөлгөөн өрнөөд эхэлсэн. Би аймаг орж, наашаа цаашаа явж байгаагүй, явж хөөцөлдөх хамаг ажлыг манай Хүчитбаатар хийнэ. Би сумандаа л ажилладаг байсан. Харин намын анхдугаар их хуралд 35 настайдаа анхны төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатарт ирж оролцож байлаа.

-Хүчитбаатар гуай анх танд ямар санал тавьсан бэ?

-Бид үдэш орой л уулзана. “Энэ Сангийн аж ахуй арай дэндлээ. Хэдүүлээ Сангийн аж ахуйг өөрчилье” гэсэн санаа бодолтой л нэгдэж нийлсэн. Хэтийн бодлогыг нь өөрчлөх том зорилготой байсан. Тусгаар тогтносон Монгол Улсад ардчилал байх ёстой, ардчилал байгаа учраас дэлхий бидэнтэй харилцах нь арай өөр түвшинд очсон гэж хувьдаа боддог доо.

-1990 онд Ардчилсан намын анхны их хуралд төлөөлөгчөөр оролцсон гэлээ. Их зүйл сонсч, шинэ мэдлэг мэдээлэлтэй болоод буцсан болов уу?

-Хөдөө, хотоос их олон төлөөлөгч ирсэн байсан. Бүгд л нийгэм болж бүтэхгүй байгаа талаар шүүмжилж байсан. Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө болохгүйг засч сайжруулах талаар л үзэл бодол нэгдэж байсан даа. Тэндээс сонсч дуулсан зүйл их ээ.

-Түүнээс хойш 30 гаруй жил та ардчилсан үзэл бодлоо өөрчлөөгүй, урваагүй явж иржээ?

-Урваагүй, урвах ч үндэслэл байхгүй. Би өнгөрсөн он жилүүдэд төрийн алба хашиж яваад тэтгэвэртээ суусан хүн. Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр гурван удаа, багийн даргаар найман жил ажилласан. Багийн дарга байхдаа сумандаа 30 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн тоглолтыг зохион байгуулж, баг маань хийсэн ажлаараа таван удаа тэргүүлж байлаа. Ингээд харахаар улс төрийн байгууллага, төрийн байгууллагын ажил зарчмын хувьд маш өөр. Энэ зарчим үүргийг яг барьж явахыг л би хичээсэн. Төрийн ажлыг чин сэтгэлээсээ, байх ёстой зарчмын дагуу л хийсэн. Нам, улс төрийн ажлыг ч тэр чиглэл үүргийнхээ дагуу л хийж байсан. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийх нь миний үндсэн зарчим юм даа.


Байгаль орчны байцаагч, багийн дарга

-Ардчилал ялсны дараа таныг суманд мэргэжлээр тань ажилд авсан уу?

-1991 онд байгаль орчны хяналтын улсын байцаагч гээд босоо удирдлагатай бүтэц аймагт бий болсон юм. Аймгийн анхны эмэгтэй гурван улсын байцаагчийн нэг нь би. Хоёр жил улсын байцаагч хийхдээ аймгийн аварга болж, жуух бичиг авч л явлаа. 2004 онд л би ажлаа дуусгаж, хот руу орж ирсэн юм. Сумын дарга Сүхээ, Хурлын дарга Бат-Очир гуай Тамгын газрын дарга Базарсад гээд үнэхээр нуруутай сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байсан даа. Хэдийгээр өөр өөр намын харьяалалтай ч гэсэн үнэхээр гар нийлж ажилласан, их ч зүйл сурсан. Сүхээ дарга “Хоёулаа энэ жил аймагт түрүүлэх үү” гэнэ. “Тэгье ээ, ажлаа л сайн хийе” гэдэг. Тэгж хэлсэн жил аймагтаа сум, баг маань тэргүүлж, аймгийн сонинд гарч байлаа. Тэр үед сумын төвийн клубын ар талд дээр нь өвс шарилж ургаад олон жил болсон маш том хогон овоолго байсан юм. Тэр хогийг багийн дарга байхдаа зөөж, тэгшилж булаад мөн олон жижиг бие засах цэгийг нэгдсэн болгож өөрчилсөн юм. Гол, жалга гууд хаясан үхсэн малын сэг зэмийг бүгдийг нь ачуулж цэвэрлэнэ. Сумын баруун талын хогонд загон татуулж хумьсан гээд санаачилж хэрэгжүүлсэн ажлууд бий. Захиргааны баруун урд талд ургасан том модод бол миний үед ажиллаж байсан баг хамт олны л хийсэн ажил. Замын хаалтууд хийж, сум руу ордог ганц модон гүүр болон хадлангийн талбайн жижиг модон гүүрүүдийг засч сэлбэсэн гээд боломжийнхоо хэмжээнд л ажилласан. Хийлгүй ч яахав дээ, төрсөн нутаг орондоо. Тэр бүү хэл хэдэн тарвагаа ч тоолдог байлаа шүү дээ (инээв).

-Тарвагыг яаж тоолох вэ?

-Дошоор нь тоолно. Нэг дошинд хэдэн тарвага байгаагаар нь багцаа тоо гаргадаг байсан. Хань маань байгаль хамгаалагч байсан юм. “Манай хойд модонд нэг баавгай байдаг. Самрын нэг хуш мод бий” гэж ярьдаг ч яг хаана байдгийг нь хэлж байгаагүй. Би ч асууж шалгааж байсангүй. Ер нь манай Баянцогтын хойд талын хангай бол рашаан ус, ан амьтантай, юм юмтай баян сайхан нутаг.

-Та Баянцогт суманд төрсөн үү?

-Жирмийн цагаан нуурын ард Алтан уул гээд ганц хайрхан байдаг даа. Тэр хайрхны ар хормойд төрж, өссөн хүүхэд. Багадаа өвөл үхрийн хавиргаар уулын уруу гулгана. Арай жаахан томроод модон чаргаар сүнгэнүүлдэг болсон. Хонио хариулж явахдаа шаазангийн хагархай түүж тоглоно. Хүй долоон худгийн урд араас мөөг түүнэ. Тоглож өссөн нутаг минь юм. Ноднин Хүй долоон худагт наадам үзэж явахдаа “Миний тоглож өссөн нутгийг хотойтол наадаарай” гэж залбирч, ярьж явлаа. Ер нь бол манай нутаг чинь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгтэй хил залгаа юм шүү дээ. Баянцогт сум, сангийн аж ахуй маш том газар нутагтай байсан. Сүүлд Нөхөрлөл, Атар гээд шинэ сум байгуулагдаж, газар нутгаасаа тасдаж өгсөн байдаг юм.

-Таныг байгаль орчны байцаагч байх үедээ нэлээд чанга хатуу байсан гэдэг. Байгаль орчны төлөө хатуу байхаас аргагүй дээ...?

-Тарвагачилж яваа хүмүүсийн бууг хурааж, замагнуудыг нь цүнхэлчихээд явж байдаг. Тэгээд яахав дээ, жаал айлгаж байгаад нутгийн хүмүүст бууг нь буцаагаад өгнө. Надтай дахиж битгий таарч үзээрэй гэж нөгөөдүүлдээ хэлнэ. Дахиж таарвал үг дуугүй хураана шүү гэж захина. Тэд ч таарахгүйг хичээдэг байсан байх. Буу нь үнэмлэхтэй юу, замагны дугаар гол төмрийн дугаар таарч байна уу гэж заавал шалгана. Зөрчилтэйг нь шууд хурааж, проткол үйлдээд аймаг руу явуулна, торгоно. Баянчандмань, Борнуур, Батсүмбэр, Угтаал, Залуучууд сумынхныг айлгадаг л байцаагч байлаа. Урд талын сумдыг Батжав гээд байцаагч бас л айлгана. Би ажлаа өгөхдөө нутагтаа улаан “планет-4” үлдээгээд явсан. Намайг байцаагч байхад аймгийн орлогч дарга Г.Дашренчин байсан юм. Г.Дашренчин маань Баянцогт тэргүүтэй таван суманд таван улаан мотоцикль ачуулж байсны нэг нь тэр юм. Ингээд 2003 оны намар хотод ирсэн.


Модны хулгайтай тэмцсэн он жилүүд

-Хотод ирээд юу хийв?

-Талийгч нөхөр маань Нийслэлийн байгаль орчны газар, би өөрөө Мэргэжлийн хяналтын газарт ажил хүсч, өргөдлөө өгсөн. “Хэзээ ч ажилд ор гэж дуудах юм билээ, Солонгос явъя” гэж шийдээд бичиг баримтаа хөөцөлдөж байхад нөхөр маань өвдсөн. Юун гадагшаа явах манатай, хоёр жил гаруй бид хавдрын эмнэлгээр явсан. Талийгч маань ч бурхан боллоо. Яахав дээ, амьдрал үргэлжилж л байсан. Би хүргэн, хүүхдүүдтэйгээ нийлж хонины толгой авч хуйхалж, сайхан цэвэрлэж, чанаад ногоо цагаатай хольж зарж эхэлсэн.

Хоёр хайрцаганд тус бүр 25 ширхэг чанасан толгойтой Бөмбөгөр дээр ирж зарна. Сайхан сэтгэлтэй хүмүүс их тусалсан. Толгойгоо дор нь зардаг боллоо. Орой нэлээд мөнгөтэй болчихоод харина. Сүүлдээ бүр томорч Барс дээрээс шуудайгаар сонгино авдаг болсон. Одоо ч надад Бөмбөгөр зах их дотно сайхан санагддаг. Юм авах бол шууд л тийшээ очдог. Таньдаг хүмүүс маань ч байна. Манай хүүхдүүд “Ээж Бөмбөгөрөөс өөр дэлгүүр мэддэггүй” гэж шоолдог юм. Тэгж байтал нэг өдөр утас дуугарч “Мэргэжлийн хяналтаас ярьж байна. Та ажилдаа ор” гэдэг юм. Тэнд байгаль орчны улсын байцаагчаар ажилласан. Тэнд ороод модны хулгайтай хөөцөлддөг боллоо. Бас л шөнө орой хулгайн мод ачсан машинтай хөөцөлдөнө, одоо бодоход эмэгтэй хүнд арай л ахадсан ажил байж дээ.

-Ид модны хулгай гаарч байх үед таарч дээ...?

-Орой 17 цагаас хойш маяактай цэнхэр УАЗ-69 унаад шалгалтаар гарна. Нэг цагдаатай, хоёр гурван байцаагч явж байгаа юм. Баруунсалаа, Нарангийн цаад ам, Шижирийн даваа, уулын ард гараад гэрлээ унтраагаад зогсоно. Сэлэнгэ, Эрдэнэт, Бугантын мод тэр замаар хот руу орж ирдэг. Мод ачсан машинуудын гэрлийг тосч барьж аваад, журмын хашаа руу нөгөөдүүлийгээ тууна. Тэр л хамгийн хэцүү нь явахгүй гэнэ, зарим нь зугатна, хэрүүл зодоон болно. Машины кабин бүрд нэг нэгээрээ сууж авч явна гээд эрсдэл ихтэй. Цагдаа маань араас дагана. Сонирхолтой ч юм шиг, аймаар ч юм шиг үйл явдал орой бүр л өрнөнө. Нэг орой Шижирийн даваа Бумбатын аманд хулгайн мод ачсан машинууд байна гэсэн дуудлага ирлээ. Бид цагдаа, жолоочтойгоо дөрвүүлээ явлаа. Их нарангийн зүүн талын амны доод замыг портероор хааж зогсоогоод өөрсдөө уул руу явган гарлаа даа. Тэр шөнийн харанхуй, модонд явахын хэцүүг хэлэх үү, үнэхээр аймаар. Ойн чөлөөнд мод ачсан чиргүүлтэй 30 машин данхайгаад зогсчихсон, дээр нь дружба хөрөөнүүдээ хүлж баглачихсан байсан. Нэг ч хүн ил байхгүй, мэдээж модны цаанаас биднийг хараад л байж байгаа. Манай гурав “Та нар гараад ирцгээ” гээд наанаас нь хашхирч эхэллээ. Хэн ч гарч ирдэггүй, санаандгүй нэг жолоочийг нь барьж авахад хутгатай байсан шүү. Ийм л байсан. Тэгээд өнөөдүүлтэйгээ “Дор бууж байж учраа ололцъё” гэж байж буулгаж авч байлаа.

-Ямар эрсдэл ихтэй алба юм бэ?

-Тэр үед модны хулгай оргилдоо хүрээд байсан юм. Хэдэн байцаагч, цагдаа нар ингэж явж л илрүүлдэг байлаа. Нэг өглөө Найрамдлын ам, Баруун салааны байгаль хамгаалагч Нацагдорж, Мандалхүү бид Их нарангийн наад амнаас хүрэн УАЗ-69 машинтайгаа хоосон 30 машинд хөөгдөв өө. Биднийг дайрч ална гээд хоосон 30 машин элдээд хөөчихсөн. Үнэхээр аймаар. Хаашаа зугтвал баригдахгүй байх вэ гэж байгаад Орбит руу зугтаж төв рүүгээ ойртож байж нэг юм салсан. Хэрэв Найрамдал руу зугтсан бол дороо баригдах байсан юм билээ. Хүний амьдралыг, юу хийж, яаж ажиллаж байсан юм гэдгийг хүн мэддэггүй. Одоо энэ бүхнийг эргэн санахад сайхан л байна. Заримдаа бид хулгайн мод ачсан машинуудыг журмын хашаанд журамлаад явна. Өглөө ирэхэд ямар нэгэн даргын мод байдаг, тэгээд аваад явна. Ийм тохиолдол зөндөө л байсан. Шөнөжин нойр хоолоо хасан хөөцөлдөж, өчнөөн эрсдэл давж ажилласан маань хөөс болоод замхарч байгаа хэрэг.


Шилдэг архивч, ахмадын хорооны дарга

-Байгаль орчны байцаагчаар хэр удаан ажиллав. Модны хулгайчдын араас хэр хугацаанд хөөцөлдөв?

-Удалгүй манай хэлтэс татан буугдаж, хэсэг завсарлаад дүүрэгт газар зохион байгуулагчаар ажилла гэв. Тэнд ажиллаагүй. Харин дүүргийн архивч, архивын эрхлэгчээр орсон. Бөөн тоос шороо, замбараагүй бичиг цаас угтсан. Нэг өдөр цэвэрлэгч, үйлчлэгчидтэйгээ нийлж байгаад архивын өрөөг тоос шорооноос нь салгаж зад цэвэрлээд өөрөө тэндээ суудаг боллоо. Арван дөрөв, таван мянган хавтастай баримт бичиг бүрдүүлж, цэгцэлж эмхэлж янзалж өгсөн. 2015 онд улсын үзлэг ирэх болов. Тэгээд нийслэлдээ манай архив тэргүүлсэн. Дараа нь есөн дүүргийн үзүүлэх сургуулилалт манайд болсон. Яахав дээ, өдөр шөнөгүй ажилласны үр дүн нь тэгж гарсан. Архивынхаа буянаар Орос, Хятадад сургалтанд сууж, номын дуу сонсоод ирсэн. Одоо ч дүүргийнхэн маань надад их сайн байдаг юм. Дараа жил нь Улаанбаатар хотын хүндэт иргэн болсон. Дүүргийн VII хорооны иргэдийн хурлын тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. Дүүрэгт дөрвөн жил ажиллаад 2017 онд тэтгэвэртээ гарсан даа.

-Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байхдаа хорооны Иргэдийн хуралд хүртэл ажиллаж, улс төрийн нэлээн идэвхтэй байжээ дээ, Та?

-2011 оны намар СХД-ийн 32 дугаар хороо шинээр байгуулагдсан юм. Өдөржин явган явж, гишүүн цуглуулаад 60 гишүүнтэй болж, сонгуульд орж байлаа. Их л уйгагүй ажилладаг байж дээ. Сүүлдээ сонгуулийн үеэр штаб ахална, хэсгийн хороо, нарийн бичгийн дарга гээд сонгуульт ажлуудыг хийж явлаа. 2019 оноос дүүргийн АН-ын дэргэдэх Ахмадын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Ахмадуудынхаа дунд янз бүрийн эко аялал, уралдаан тэмцээн зохион байгуулна. Хөдөөгийнхөндөө тусалъя гээд аян зохион байгуулахад ахмадуудтайгаа хамтран идэвхитэй оролцсоор байна.

-Та МоАХ-ны архивыг цэгцэлж, он цагийн дараалалд оруулж байгаа гэсэн үү?

-2018 оноос одоог хүртэл МоАХ-ны архивт ажиллаж байна. Намайг архивт ажиллаж өгөөч ээ гэж санал тавьсан юм. Өнгөрсөн 30 жилийн материал гэж бас л эмх замбараагүй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй холилдсон байсан. Би бичиг баримт бүрийг нэг нэгээр нь задалж, он оноор болгосон. Он дотор нь тогтоол, тушаал, явсан, ирсэн бичиг баримт, уриалга, мэдэгдэл, шаардлага гээд бүгдийг нь ялгаж ангилсан. Анх хоёр гуравхан сарын дотор эмхэлж цэгцлээд явна аа гээд төлөвлөгөө гаргаад эхэлсэн, байхгүй ээ. Хоёр жил ноцолдож эмхэлсэн. Одоо бол ажил цэгцэрсэн болохоор аажуу уужуу ирж, өдөр тутмынх нь бичиг баримтыг нь цэгцэлж янзалж байна. Фото архивыг нь хийгээгүй, дутуу байгаа. Фото архивыг нь их гоё эмхэлж өгнө дөө.

-1989 оноос хойш үзэл бодолдоо тууштай, үнэнч яваа мянга мянган ардчилагчдын нэг нь Та. Таныхаар ардчилал гэж юу юм бэ?

-Хувь хүн эрх чөлөөтэй, эрх тэгш, үг үзэл бодлоо хэлдэг байх ёстой. Ардчилал гэдэг бол хувь хүний дотор байгаа энэ бүхнийг нээж өгдөг нүд чих юм гэж би хувьдаа боддог.

Эх сурвалж: Өдрийн сонин