"Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг гэм буруутайд тооцож, охин Цэлмэгийг буруугүйд тооцов
6 сарын 27, 2023

Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлт өчигдөр гарсан билээ. Шүүх хурлаар "Бэрэн групп" ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр нь гэмт хэргийн улмаас бий болсон орлого буюу нийт 83.5 тэрбум төгрөг нь гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж авч, компанийнхаа татвар, НДШ, хувийн хэрэгцээнд зарцуулан ашиглаж, мөнгө угаасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 18.6.1-д зааснаар зүйлчлэв. 

Тухайлбал Б.Мөнхтөр нь "Бэрэн групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Удирдах зөвлөлийн дарга Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа, өөрийн үүсгэн байгуулсан компанийн "Бэрэн групп" ХХК-ийн 100 мянган тонны хүчин чадалтай барилгын арматурын үйлдвэрийг Эрдэнэт хотод барих төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 22.7 сая ам.долларын зээлийг авах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн Банкны Зээлийн хорооны дарга, гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад хууль бусаар нөлөөлж, гэмт хэрэг санаатай үйлдэхэд нь хатгаж, хамтран оролцож, дээрх төсөлд 22.7 сая ам.долларыг "Бэрэн групп" компанид олгож, Хөгжлийн Банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэлээ.

Харин “Бэрэн Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мөнхтөрийн Цэлмэг буюу охиныг нь гэм буруугүйд тооцов.