УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг "НВЦ" компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн гэж үзжээ
6 сарын 27, 2023

Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтийг гаргалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдуулан гэм буруутайд тооцлоо. Тодруулбал, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "НВЦ" компанийг "Хөгжлийн банк"-наас зээл авахад дэмжлэг үзүүлснийхээ хариуд 2017 оны есөн сарын 19-ны өдөр “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэж үзэж гэм буруутай гэж үзжээ. Мөн 2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр СБД-ийн 11-р хороо Сэлбэ хотхоны F байрны 38 тоот хаягт байрлалтай орон сууц болон тус хаягт байрлалтай 9 тоот авто зогсоолыг иргэн Ганбаатараас бэлнээр 320 сая төгрөгөөр, 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр 2014 онд үйлдвэрлэгдсэн 9699 УНО улсын дугаартай Lexus 570 маркийн авто машиныг БНХАУ-ын иргэнээс бэлнээр 133 сая төгрөгөөр тус тус худалдан авчээ. Үүнийгээ Ё.Баатарбилэг АТГ-т худал мэдүүлсэн бөгөөд үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10-р зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзжээ.