“Улсын хэмжээний түр хамгаалах 34 байр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоор дүүрсэн” гэв
10 сарын 3, 2023

Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар(ГБХЗХГ)-аас өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд ажиллаж буй түр хамгаалах 34 төв гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоор дүүрсэн байна гэдгийг ГБХЗХГ-ын ажилтан онцлов.

Уг төвд ирсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хамгаалал, сэтгэлзүй болон хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Түүнчлэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг холбогдох салбарын байгууллагуудтай олон хэлбэрээр хамтран зохион байгуулдаг хэдий ч үр дүн нь олон нийтэд хүрэхэд бага байгаа аж. ГБХЗХГ-аас бусад байгууллагатай хамтран зөвхөн энэ жил гэхэд хүүхэд хамгааллын томоохон найман төрлийн нөлөөллийн ажлуудыг эхлүүлээд байгаа юм байна.

“Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, хороо болгон гэр бүл, хүүхэд хариуцсан нийгмийн ажилтантай байхаар тусгагджээ”

Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ намрын чуулганаар орохоор болжээ. Уг шинэчилсэн найруулгад сум, хороо болгон гэр бүл, хүүхэд хариуцсан нийгмийн ажилтантай байхаар тусгагдсан байгаа юм байна.

21 аймаг есөн дүүрэгт гэр бүл хариуцсан хэлтсүүд ажиллаж байгаа боловч мэргэжлийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг боловсон хүчин дутагдалтай байгаа учир уг өөрчлөлтийг оруулахаар болсон байна.

Хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл хороо, сум бүрд хүүхэд хамгааллын үйл ажиллагааны чанар хүртээмж сайжирна гэж харж байгаа аж.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хууль зүйн яаман дээр санал аваад явж байгаа бөгөөд эцэг эхийг хариуцлагажуулах, гэр бүлийн олон хэлбэрийг хуулийн зохицуулалтаар гаргаж өгөх заалтуудыг оруулах  саналыг нээлттэй авч байгаа юм байна.