77 тохиолдлын 71 нь ойрын хавьтал бөгөөд нэг шинэ голомтыг илрүүллээ
3 сарын 5, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 13,206 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 77 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,153 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр бүртгэгдсэн 77 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. 77 хүний 71 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Таван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарласан. 

Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Одоогоор 696 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 5 хүн байгаа. Нэг дор олноороо цугларч баяр тэмдэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учир албан байгууллагууд олон хүнийг нэг дор цуглуулахаас зайлсхийж, баяр тэмдэглэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе" хэмээн ярилаа.