Амралтын өдрүүдэд авто ослоор есөн хүн амь насаа алдаж, долоон хүүхэд гэмтжээ
12 сарын 13, 2021

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 669 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 547 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Нийслэлд нийт есөн осол бүртгэгдэж, 16 хүн гэмтэн, нэг хүн амиа алдсан бол орон нутагт зургаан осол бүртгэгдэн, нэг хүн гэмтэж, найман хүн амь насаа алдсан байна. Орон нутагт амиа алдсан иргэдийн нэг нь хүүхэд байв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 3-14 насны долоон хүүхэд гэмтэж, бэртсэн байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийг автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудалд суулгах, суудлын бүс хэрэглэж хэвшүүлэх шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав. 

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 197 зөрчил бүртгэгджээ. Үүнд, 

  • Нийслэлд 138,
  • Орон нутагт 59  зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан болохыг мэдээллээ.