БНХАУ болон Тайванийн тамирчид Монголд ирж чадахгүй
4 сарын 15, 2022

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-нээс 24-ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулагдана. Гэвч Монгол, БНХАУ-ын хоорондын хил нээгдээгүй учраас чөлөөт бөхийн Азийн гол төлөөлөл БНХАУ болон Тайванийн тамирчид уг тэмцээнд оролцох боломжгүй болжээ. БНХАУ болон Тайванийн тамирчид бөхийн гурван төрөлд оролцохоор бүтэн багаараа хүрэлцэн ирнэ гэдгээ мэдэгдээд байв. Тухайлбал, чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Рон Ниннинг, олимпын мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Пан Киану, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ден Живей, сонгомол бөхийн олимп, ДАШТ-ий хүрэл медальт Саилик Валихан, ДАШТ-ий хүрэл медальт Киан Хайтао тэргүүтэй бөхчүүд мэдүүлэгт нэрсээ өгөөд байсан юм.