С.БАТСАЙХАН: Манай улс 70 байршилд газар хөдлөлтийн судалгааны 140 гаруй станцтай
3 сарын 21, 2023

  Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан газар хөдлөлтийн талаар дараах мэдээлэлийг өглөө. Тэрбээр "Одон орон, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлийн салбар 1957 онд байгуулагдсан. Энэ цагаас хойш багажийн судалгаа явуулж, монгол оронд болж буй газар хөдлөлтийг бүртгэж байв. 1994 оноос тоон мэдээллийн шугамаар, интернэтээр мэдээллийг төв рүү өгдөг болсон. Өнөөдрийн байдлаар 70 байршилд газар хөдлөлтийн судалгааны 140 гаруй станцтай. Энэхүү станцуудаараа Монгол Улсад газар хөдлөлт болсон тохиолдолд хугацаа алдалгүй зарлаж байгаа. Улаанбаатар хотын хувьд хоёр минутын дотор хэдэн баллын хүчтэй газар хөдөлсөн гэдэг эхний таамгийг дэвшүүлж, 10 минутын дотор нарийвчилж үзээд мэдээллээ тараадаг. Түүнээс гадна ойр орчимд болж байгаа газар хөдлөлтийн чичирхийллийг иргэд мэдэрсэн.Газар хөдлөлт судлаачид 5 магнитудын газар хөдлөлт хэд, хэд болсны дараа 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бий шүү гэдэг дохио өгдөг” хэмээн тайлбарлав.