П.ОРХОН: Энэ жил улсын аварга болсон тамирчдыг ялгаварлан гадуурхаж байна
6 сарын 7, 2023

Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон Монголын чөлөөт бөхийн холбооноос (МЧБХ) ДАШТ-д оролцох тамирчдыг сонгох сорилго барилдаан хийх болсныг шүүмжилж сошиал хаягаараа дамжуулж үзэл бодлоо илэрхийлжээ. Түүнээс өмнө Токигийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Болортуяа мөн сорилго хийх гэж буйд бухимдаж, МЧБХ-г шүүмжилсэн билээ.

П.Орхон гавьяат сошиалд тавьсан постондоо “МЧБХ-ын ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нарт хаяглахад,

Монголын чөлөөт бөхийн тамирчдын ирээдүйгээр тоглох эрх та нарт байхгүй. Миний хувьд хувийн зардал тусалж дэмждэг хүмүүсийнхээ ачаар өдийг хүртэл явлаа. Холбооноос нэг ч төгрөгөөр дэмжээгүй. 4-5 удаагийн явалтаар 40-50 сая төгрөг зарлагдаад байна. Миний хувьд энэ жилийн амжилт бол, 1. Улсын аварга боллоо, 2. Азийн аваргын мөнгөн медаль, 3. Бишкек чансааны тэмцээнд мөнгөн медаль хүртлээ. Одоо дэлхийн аваргадаа явна гэж бодож байтал “Сорилт” хийнэ гэх үндэсгүй зүйлийг хэн ч томилоогүй “Мэргэжлийн зөвлөл” гэх Бу.Батбаяр тэргүүтэй нөхдүүд гаргажээ. Өнгөрсөн жил улсын аварга болсон тамирчид шигшээ багтаа ороод дэлхийн аваргадаа барилдсан энэ жил улсын аварга болсон тамирчдыг ялгаварлан гадуурхаж байна. Одоо та нартай ингээд дуугүй суугаад байна гэж байхгүй, явах газар хүртэл нь явна. Өдийг хүртэл энэ холбооны удирдлага юу ч хийсэнгүй.

1. Тэмцээнийг бидний хураамжны мөнгөөр зохион байгуулна.

2. Визний асуудал удаа дараа гаргаж биднийг хохирооно.

3. Тамирчдад шагналын мөнгө өгдөггүй.

4. Дэлхийн бөхийн холбооноос ирсэн шагналыг нуун дарагдуулж өөрсдөө завшина.

5. Ази тивийн аварга зохион байгуулж ашиг олж тайлангаа тавихгүй өөрсдөө авна.

Ийм нөхдүүд одоо ажлаа өг. Бид ийм нөхдүүдээр өөрсдийн ажил амьдралаа шийдүүлмээргүй байна. Шударга зүйл нэг ч алга. Цаашид тамирчид бид нэгдэж хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж чөлөөт бөхийн бусармаг үйл ажиллагааг ил болгохын төлөө явна! Манай тамирчид эхнээсээ үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн!” гэжээ.