Гадаад валютын нөөц эрсдэлтэй хэвээр байна
10 сарын 1, 2018

Тоймч Л.Баатархүү

   Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.3-т “Гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгана. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх, удирдлагыг боловсронгуй болгох урт хугацааны арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

Гэтэл төв банк болон УИХ, Засгийн газрын зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болохуйц нэг зүйл гадаад валютын албан нөөц дутагдалтай хэвээр байгаад “эмзэглэл” нуугдаж байна. Тодруулбал, одоогоор энэ нөөц гурван тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээтэй байгаа. Харамсалтай нь Монголбанкинаас тэмдэглэсэн тоон мэдээлэлд сүүлийн таван жилд манай улс 4.616 сая ам.доллартай тэнцэхүйц бараа, бүтээгдэхүүн, 1.923 сая ам.доллартай тэнцэхүйц үйлчилгээг импортолжээ. Товчхондоо 6,5 тэрбум ам.долларыг гадагшаа урсгасан аж. Тиймээс гадаад валютын улсын албан нөөцийг яаралтай 6,5 тэрбум ам.долларт хүргэх зайлшгүй шаардлага тулгарч байна гэсэн үг. Дээр дурьдсан нөөцийн тоон мэдээлэлд өдгөө зайлшгүй хүрэх тооны дөнгөж 50 хувьд хүрэхтэй үгүй байгаа.

Хэрэв дунд болон урт хугацаанд валютын нөөцийн дутагдал ийнхүү үргэлжилбэл эдийн засгаа хамгаалах, дампуурлаас урьдчилан сэргийлэх дархлаа тогтох ямар ч боломжгүй болно гэсэн үг. Өнгөрсөн 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед гадаад валютын нөөцтэй орнууд харьцангуй эрсдэл бага даван туулсан байдаг.

Тэгвэл валютын нөөц нэмэгдүүлэхэд мэдээж хэрэг гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, Монгол Улсад үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үйлдвэрлэснээ гадагшаа экспортлох, алтны нөөц нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг үргээчихгүй хууль эрх зүйн орчноо сайжруулах, улс төрийн тогтвортой байдал бий болгох гээд гол хүчин зүйлүүд бий.

Манай цахим хуудас гадаад валютын нөөц болон ирэх онд Төрөөс баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн талаар цуврал мэдээлэл хүргэх болно. Та бүхэн мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар манай редакцийн tugeene.mn пэйже хуудас болон tugeene.mn@gmail.com хаягаар хандана уу.