Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 16,960 хүнд шинжилгээ хийж халдварын 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 31 тохиолдол бүгдээрээ Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс байна. Мөн Улаанбаатар хотод шинээр нэлээн томоохон хоёр голомт үүслээ.
- "Монгол шир" компанитай холбоотой голомт үүссэн. Тус компанийн нэг ажилтны онош хоёрдугаар сарын 1-ний шөнө батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн. Ингээд тухайн компаний 72 ажилтныг шинжилгээнд хамруулахад 18 тохиолдолд халдвар илэрсэн.
- Нийслэлийн "Амгалан" амаржих газарт халдварын 2 тохиолдол өглөө үүрээр батлагдлаа. НЭМҮТ-өөс эгзэгтэй цэгийн шилжилгээг 234 хүнд хийхэд 2 хүнээс халдвар илэрсэн. Нэг нь амаржих газрын ажилтан бол нөгөө нь төрөх эмнэлгээр үйлчлүүлж буй эмэгтэй байна.
Сүүлийн 24 цагт 6 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,890 болсон бол үүнээс 1,398 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 82, хөнгөн 395 байна" гэв.