Энэ сарын 9-12-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 3 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Ослын тухайд, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонхор багийн нутаг “Манхны өвөр” гэх газар шороон замд улсын дугааргүй "Мустанг-5" маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй нас барсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Явган зорчигч мөргөсөн 22, мөргөлдсөн 4, обьект мөргөсөн 1, онхолдсон 1 зөрчил тус тус бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 39 хувиар, гэмтсэн хүн 20 хувиар тус тус нэмэгдсэн бол гэмтсэн хүүхдийн тоо 62.5 хувиар буурсан байна.