С.ТАЙВАН: Залилах гэмт хэргээр 818.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 799.3 тэрбум төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлсэн
11 сарын 15, 2022
Нийгмийн хөгжлийг даган иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэж, төлбөр, тооцооны систем илүү хялбар болж, цаг хугацаа орон зайнаас үл хамааран өөрийн данс, мөнгийг удирдах боломжтой болсон. Энэ нь дэвшил боловч зарим талаараа цахимаар залилах гэмт хэрэг үйлдэгч нарт боломж олгож, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж байгаа сул талтай байна. Цахим гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал болон тус гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайвантай ярилцлаа.
-Он гарсаар цахим гэмт хэргийн хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Цагдаагийн байгууллагад энэ оны эхний аравдугаар сарын байдлаар Залилах 10.300 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнө оны мөн үеэс 97.3 хувиар өссөн үзүүлттэй байна. Үүн дотроо цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг 88.2 хувийг буюу 8056 гэмт хэрэг эзэлж байна. 

-Залилах гэмт хэргээр хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ. Үүнээс хэдэн төгрөгийн хохирлыг барагдуулав?
-Энэ оны аравдугаар сарын байдлаар нийтдээ залилах гэмт хэргээр 818.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 799.3 тэрбум төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлсэн байна. 
-Цахим залилангийн тухайд?
-Харин цахим залилангийн тухайд он гарсаар 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Жилээс жилд энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. 
-Энэ төрлийн гэмт хэрэг өсөх болсон голлох шалтгаан юу байна вэ?
-Манай улсад интернэт хэрэглэгчдийн тоо 3.2 саяд хүрсэн. Харин фейсбүүк хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 2.8 саяд хүрсэн. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг өсөх болсон нэг том шалтгаан нь иргэдийн цахим хэрэглээ өссөнтэй холбоотой. 
-Ихэвчлэн ямар төрлийн үйл явцаар цахим гэмт хэрэг үйлдэж байна вэ?
-Ихэвчлэн залилагч этгээд хохирогчийн гар утасны дугаарт фейсбүүкийн нэг удаагийн нэвтрэх код авах хүсэлтийг илгээн хуурч мэхлэн аваад түүний өмнөөс фейсбүүкийн найз, танил хүмүүст мөнгө гуйх, зээлэх зурвасуудыг илгээж мөнгө шилжүүлэн авч залилах үйл явц их байна. Мөн барааг хямдхан зарна гэсэн мэдээлэл их тавьдаг. Ингэснээр урьдчилгаа төлбөр шилжүүлж баталгаажуулна уу гэх уриалгыг тавьж үүнд нь хүмүүс итгэж, ихээр хохирч байна. 
-Залилах болон цахим гэмт хэрэгт өртгөгдсөдийн хувьд ямар төрлийн хүмүүс байдаг вэ?
-Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийг судалж үзэхэд санхүү цахим хэрэглээний мэдлэг сул, гэнэн, итгэмтгий зангаас болж гэмт этгээдэд мөнгө шилжүүлж хохирсон байх бөгөөд ихэвчлэн 35-аас дээш насны иргэд байна. Цахим гэмт хэрэгтнүүдийн үйлдлийн арга өдрөөс өдөрт нарийсаж байна. Өмнө нь хотын иргэд рүү чиглэж залилалдаг байсан бол одоо хөдөө орон нутгийн иргэд рүү чиглээд эхэлсэн. Мөн мессеж бичиж залилан хийдэг байсан бол одоо хуурамч дуудлага хийж залилан хийх болсон. 

-Залилан хийсэн хүн хилээр гарсан бол ямар арга хэмжээ авдаг вэ? 

-Залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдсон этгээд хилээр гарсан тохиолдолд цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулдаг. Интерполын шугамаар тухайн оронтой мэдээлэл солилцон ажилладаг. Өнөөдрийн байдлаар есөн иргэнийг залилах гэмт хэрэгтнээр гадаадад эрэн сурвалжилж байна. 
-Энэ төрлийн гэмт хэргийн тоог багасгах тал дээр та бүхний авах арга хэмжээ юу байх вэ?
-Урьдчилсан сэргийлэх чиглэлээр дөрвөн багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Нэгдүгээрт энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх "UNSEND" аяныг зохион байгуулж байна. Хоёрдугаарт энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх мөрдөгчийн ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Гуравдугаарт гадаад хамтын ажиллагааны чиглэл дээр анхаарч байна. Сүүлд нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэлд анхаарч байна. Ингэснээр гэмт хэргийн тоог багасгаж, урьдчилан сэргийлж чадна гэж харж байна. Нэмж хэлэхэд та цахим хаягаа алдвал таны ойр дотнын хүмүүс бүгд цахим хаягаа алдах эрсдэл үүсдэг. Тийм учраас иргэд дор бүрнээ цахим хаягаа хамгаалж цахим аюулгүй байдалд бие биедээ шаардлага тавих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд өндөр настай хүмүүс цахим хаяг ашиглах нь элбэг болсон. Энэ нь тэдний цахим орчин дахь мэдээллийг нягтлах мэдлэг сул байгааг ашиглаж тэднийг залилах тохиолдол нэмэгдсээр байна. 

                                                                                                                                                        А.МӨНХНАРА