Өнгөрсөн хоногт: Дорнод, Завхан аймгуудын зарим нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
Гал түймэр:
-Орхон аймаг, Баян-Өндөр сум. Баянцагаан багийн Хот тохижуулах газар. Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 16:39 цагт очиход ачааны автомашинд хог шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 16:27 цагт очиход иргэн Б-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 28 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:09 цагт очиход иргэн Ш-ийн пикап автомашин бүрэн шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 10 дугаар хороонд дэлгүүрээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 00:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 00:59 цагт очиход иргэн М-ын 6х8 метрийн хэмжээтэй дэлгүүрийн гадна талд байрлах цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 37 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 04:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 04:10 цагт очиход 10х11 метрийн хэмжээтэй байшингийн 4х5 метрийн хэмжээтэй өрөөний хананы хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 05:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 05:11 цагт очиход иргэн Н-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл: Газар хөдлөлт:
- Говь-Алтай аймаг, Бугат сум. Ферм багийн “Цагаан морьт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км/ 01.05-ны өдрийн 15:26:30 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 15:35 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугат сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Увс аймаг, Завхан сум. 3 дугаар багийн “Хяргас” нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03:40 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөс цөмөрч суусан байсан тул татан гаргах ажиллагааг 01.06-ны өдрийн 08:00 цагаас эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР