Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд болох Д.Оросоо, Б.Батцэнгэл, Д.Болдбаатар, Г.Халиун, С.Эрдэнэсувд нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн байгууллага албан тушаалтны хууль, тогтоомж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг сайжруулах, салбарын ажлын уялдаа холбоог хангах, хуульд нийцээгүй дүрэм журмыг цэгцлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, Төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх мөн төрийн албаны шинэтгэл дээр Монголын Хуульчдын холбоо, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахаар төлөвлөж байгаагаа дурдаад уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Хуульчдын холбоо нь одоогоор 6600 гаруй гишүүнтэй шүүгч, прокурор, өмгөөлөгч, төрийн болон бусад хувийн хэвшлийн хуульчид бүгд багтдаг. Сургалтын чиглэлээр нэгдмэл байдлыг бий болгох зорилгоор 200 гаруй хөтөлбөр 80 гаруй сургагч багш, судлаачид ажиллаж байна. Хяналт хэрэгжүүлэх гэдэг бол маш өргөн бөгөөд чухал ажил юм. Төрийн байгууллагын албан тушаалтны хууль хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд үйлчлэх үйл ажиллагаанд хяналт тавих нь их хүнд ажил. Захиргааны байгууллагууд, төрийн байгууллагын албан хаагчид л хүний эрхийг зөрчдөг судалгааг бүгд мэдэж байгаа. Хуулийг ялгаатай хэрэглэдэг, үгүй бол огт хэрэглэдэггүй, хууль зөрчдөг, авлига албан тушаалын хэрэг нийгэмд хавтгай болсон. Энэ асуудлыг засах тал дээр хуульчид ажиллаж байгаа бөгөөд хамтарч дуу хоолойгоо гаргах ёстойг талархан хүлээж авч байна гэлээ.
Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хуулийн багийн ахлах зөвлөх Б.Аз, Менежментийн багийн Ахлах менежер Г.Бүүвэйхүү, болон бусад удирдлагууд оролцлоо.
Төрийн байгууллагуудад хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хууль дээдлэх, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, хуулиар удирдуулдаг, хуулийг их бага хамаагүй зөрчсөн хүн бүрд хариуцлага хүлээдэг ажил дээр анхаарч ажиллах шаардлагатайг хоёр тал онцлон дурдлаа.