Монголын Хөлбөмбөгийн холбооны “Mobi Premier League”-ийн гуравдугаар тойргийн “ФС Дэрэн” болон “СП Фалконс” багуудын тоглолтын үеэр “Дэрэн”клубын хамгаалагч эсрэг багийн бразил тамирчныг доромжилсон талаар өмнө нь мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан “СП Фалконс” клубийн туслах дасгалжуулагч Г.Дэлгэрдалай, “СП Фалконс” клубийн тоглогч, Бразил улсын иргэн Тиаго Томайс нар Монголын Хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргасан юм.
Уг гомдлыг Монголын Хөлбөмбөгийн холбооны Сахилгын хороо хянан хэлэлцэж, О.Даваадэлгэрийг 5 сая, Дэрэн клубыг 10 сая төгрөгөөр торгохоор болжээ. Учир нь “Дэрэн”клубийн 4 дугаартай тоглогч О.Даваадэлгэр нь эсрэг багийн 13 дугаартай Тиаго Томайс руу сармагчингийн хөдөлгөөний үйлдэл гаргасан нь Сахилгын дүрмийн 36 дугаар зүйл “Ялгаварлан гадуурхах”, 42 дугаар зүйл “Тоглолтын нэр хүндийг гутаах”, 43 дугаар зүйл “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг, мөн улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас 3 минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 54 дүгээр зүйл “Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил болох нь Сахилгын хорооноос тогтоогдсон байна.
Улмаар МХБХ-ноос дараах шийдвэрийг гаргажээ.
1. Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
2. Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
3. Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгох.