Соронз хөөргөж сансрын хогийг цэвэрлэнэ
3 сарын 22, 2021

Энгийн нүдэнд үл үзэгдэх хэдий ч дэлхийг тойроод 9000 тонн орчим буюу 720 автобустай тэнцэхүйц хэмжээний хог хаягдал хөвж байдаг. Тэдгээр хаягдлууд нь ихэвчлэн хуучин хиймэл дагуулуудын эвдэрхий хэсгүүд, ашиглахаа больсон хиймэл дагуул, пуужингийн хэсгүүд байх аж. Эл хаягдлууд олшрохын хэрээр олон улсын сансрын станц, цаг уурын хиймэл дагуул, байршил тогтоогч төхөөрөмж зэрэг чухал хэрэгцээтэй байгууламжууд тэдэнд мөргүүлэн эвдрэх эрсдэл улам ихэсч байгаа юм. Жил бүр Илон Маскийн "Starlink" төслийн хиймэл дагуулууд олноор хөөрч байгаа нь дээрх эрсдлийг улам дордуулсаар буй.

Тэгвэл дээрх асуудлыг шийдэж, сансрын хогийг цэвэрлэхээр Японд төвтэй "Astroscale" компанийн Нэгдсэн Вант улсаар удирдуулсан туршилт өнгөрсөн долоо хоногт Казахстаны Байконурын космодромоос эхэлжээ. Тухайлбал туршилтын хүрээнд хиймэл дагуул бүхий 175 кг жинтэй төхөөрөмжийг "Союз2" пуужингаар сансарт хөөргөсөн байна.

"Astroscale" компанийн төлөвлөж байгаагаар сансрын төхөөрөмж агаар мандлаас гармагцаа 17 кг жинтэй хиймэл дагуулыг өөрөөсөө салгаж, хэдэн сарын турш түүнтэйгээ хөөцөлдөн хэд хэдэн төвөгтэй эргэлтүүдийг гүйцэтгэж, эцэст нь хиймэл дагуулыг барьж дэлхийн агаар мандал руу шидэн шатаах үйлдэл гүйцэтгэх юм. Эл туршилтын ажиллагаа оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд дуусах аж.