Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлсэн. Сүүлийн өдрүүдэд голын усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид голын усны ослын 2 дуудлагаар 2 иргэний амь насыг авран хамгааллаа.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины амралтын ойролцоо Туул голд 16 настай, эрэгтэй голын салаанд тээглэсэн дуудлагаар Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж аюулгүй болгосон байна. Мөн 2021 оны 06 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын 90 гаруй алба хаагч, 20 орчим автомашинтайгаар голын эрэг дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Түүнчлэн гол усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 936 том хүн, 460 хүүхэд нийт 1396 иргэнд хүргэж, 383 ширхэг сэрэмжлүүлэг материал тарааж, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 412 автомашиныг холдууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.