Монголчууд утаагүй амьдрах гэж хөрөнгө зарцуулна, утаатай байх гэж бас л мөнгө төлнө. Нийслэлийн өрхүүдийн 70 орчим хувь буюу 230 000 айл гэр хороололд амьдардаг. Тэд жилийн бараг тэн хагаст буюу арваас дөрөвдүгээр сар хүртэл нүүрс түлж байна.
Нийслэлчүүдэд ойрхон байх Налайхын нүүрс энэ, үнэ нь өнгөрсөн жилд нэг портер буюу 1.5 тонн орчим нь “Цайз” захад 220 000-260 000 төгрөгийн үнэтэй байв. Ачилтын хэмжээнээс хамаарч өөр үнэтэй байгааг борлуулагчид хэллээ. Харин нэг шуудай нь 4000-5000 төгрөгийн өртөгтэй байна. Гэрт амьдардаг айл өвөлд мөн л 2-3 портер Налайхын нүүрс, байшинтай нь 3-5 машинаар зуухаа “хооллодог”. Ингэснээр нэг айл өвөлд 700 000-1 000 000 орчим төгрөгийг Налайхын нүүрс худалдан авахад зарцуулах юм. Нийт өрхүүдийн нэг жилд хэрэглэх Багануур болон Налайхын нүүрсний тэнцүү гэвэл нэг өрх дунджаар 700 000 төгрөгөөр нүүрс худалдан авна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллынхон энэ жил 160 гаруй тэрбумыг хатуу түлшинд “өгнө”. Өөрөөр хэлбэл, бидний хоолой хорсгож, нүд аргуулж, үзэгдэх орчныг хязгаарлан, эрүүл мэндэд заналхийлж буй утааны “үндсэн өртөг” энэ жил 160 тэрбум төгрөг.
Тэгвэл одоо зарагдаж байгаа шахмал түлш нь 1 тонн нь 140,000 төгрөг шуудай нь 35,000 төгрөгөөр зарагдаж байна. Түүхий нүүрсийг бодход хаягдал байхгүй. Мөн түүхий нүүрснээс 10% гаруй хувь хямд байна. Ямартай ч 16 тэр бум төгрөг агаарт хийсэхээс аврах нь тодорхой боллоо.
2010 оноос энэ төрлийн бүтээгдэхүүн Нийслэлчүүдийн хэрэглээнд "утаа бага ялгаруулдаг, шаталт өндөртэй, илч ихтэй сайжруулсан түлш " нэвтрүүлэх аж ахуйн нэгжийн тоо өнгөрсөн оны байдлаар 30-д хүрчээ.
Харин 2014 онд суурийг нь тавьж, өнгөрсөн арваннэгдүгээр сараас хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэсэн “Тавантолгой түлш” компанийн “Сайн түлш”-ний үнэ, хэрэглэгчийн хандалтыг сонирхлоо.
Тус компани нийслэлд хоёр үйлдвэр нээжээ. Зорилго нь угааж, нэмэлт хольцоор баяжуулан, шаталтын явцад маш бага хэмжээтэй утаа ялгаруулдаг, нүүрснээс дутахгүй илчтэй шахмал түлшийг зах зээлд нийлүүлэх. Нүүрсийг гүн боловсруулахад хаанаас олборлосноос шалтгаалж өртөг нь өөр байдаг гэнэ. Тодруулбал, Налайх болон Багануурын уурхайнхыг угааж боловсруулах нь Тавантолгойн ордынхоос өндөр өртөгтэй гэсэн тооцоо хийжээ. Тиймээс байгалиасаа дэгдэмхий чанар бага, Ухаа худаг, Тавантолгойн ордын завсрын нүүрс буюу нэг удаа шигшсэн, эрчим хүчний нүүрсийг дээрх компани угааж, сайжруулсан түлш болгосон нь энэ. Завсрын буюу мэргэжлийн хэллэгээр “медлинг” төрлийн нүүрс “Энержи ресурс” компанийн олборлолтын талбайн орчимд өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 2.4 сая тонн байжээ. Хэмжээ нь нэмэгдсээр байгаа тус “хаягдлыг” сайжруулсан түлшний түүхий эд болгон ашиглаж буй гэв. Тээврийн зардал болон шахмалын бусад орцын өртгийг оролцуулаад “Сайн түлш”-ний тонн нь 140 000 төгрөг.
Илчтэй, дулаан хадгалах чадвар өндөр тул нийслэлчүүдийн нүүрсний нийт хэрэглээг 50, агаарт дэгдэх утааны хэмжээг мөн 50 хувиар бууруулна гэж тооцжээ. Гэр болон байшинтай айлыг оролцуулаад дунжаар нэг өрх жилд 5-6 тонн түүхий нүүрс түлдэг бол түүнээс хоёр дахин бага сайжруулсан түлш түлэх гэнэ. Мөн аль ч уурхайн нүүрсийг нэг удаа түлэхэд 3-5 цаг дулаанаа хадгалдаг бол “Сайн түлш” долоон цаг орчим дулаан барих гэнэ. Хамгийн гол нь угааж боловсруулснаар ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ 50 хувиар буурсан гэдгийг дээрх компанийнхан хэлж байна. Шахмал түлш хэрэглэх нь утаа бууруулах ч хэрэглэгчийн худалдан авах чадварт хэр нийцэж буй талаар “Тавантолгой түлш” компанийн борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Б.Энхзолбоо “Манай үйлдвэр бүтээгдэхүүнээ 40 орчим жил шахмал түлш хийх аргачлалыг судалсан эрдэмтэдтэй хамтран хийсэн. Түүхий эд нь үнэгүй тул өртөг нь бага. Ямар ч нүүрснээс дутахгүй илчтэй бөгөөд дулаан барих чанар нь 2-3 цагаар илүү. Цөөнгүй аж ахуйн нэгж “нүүрс орлуулагч” үйлдвэрлэсэн ч чанаргүй байсан тул амжилт олоогүй болов уу. 2020 оны өвөл түүхий нүүрс нийслэлд нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан болон -40 хэм хүртэл хүйтэрдэг, иргэдийн худалдан авах чадвар зэргийг харгалзан чанартай, хямдавтар бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн. Тонн нь 140 000 төгрөг гэдэг боломжийн үнэ” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн Ц.Цэндсүрэнгээс шахмал түлш түлж буй, эсэх, хэрэглэсэн бол чанарт нь тавих үнэлгээг асуулаа. Тэрбээр “10 уут сайжруулсан түлш авсан. Ид хүйтэн эхлээгүй байгаа тул үнэлэхэд арай эртэднэ. Юутай ч утаа багатай, сайн цогшдог юм байна. Чанар сайтай бөгөөд тэнгэрт хадсан үнэтэй биш л бол агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан түлш хэрэглэх санаачилгыг айл бүр дэмжих хэрэгтэй.