Төв аймаг дахь цагдаагийн газраас иргэдийн олон тооны адууг хулгайлан нядалж зарсан “А”, “С” нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас 2019 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 112 тооны адууг бэлчээрээс нь тууж хулгайлгайлжээ. Хулгайн малаа Сонгинохайрхан дүүргийн нутагт нядалж, зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг Төв аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хамтран илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан бөгөөд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэг зохион байгуулалтанд орж, одоо тогтоогдсон байдлаар 10 удаагийн үйлдлээр нийт 112 тооны адууг хулгайлж бусдад 650 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ.