“Эко” уриатай Хан-Уул дүүрэг БНМАУ-ын Ардын их
хурлын тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр
зарлигаар Ажилчны район нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Тус дүүрэг нь
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, түүний дотоод бүтэц
болох долоон хэлтэстэй, хоёр тасагтай. Засаг даргын дэргэдэх 27 хэлтэс,
албадтай бие даасан үйл ажиллагаатай шүүх, прокурортой юм. Дүүргийн хэмжээнд 21
хороо, 52769 өрх, 195927 хүн амтай. 20103 аж ахуйн нэгж, үйлдвэр, компани,
нөхөрлөл, хоршоотой. Одоогийн байдлаар 46090 толгой мал, 274887 тахиа, шувуу
зэрэг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, дэд бүтэц, зам
тээвэр хөгжсөн, 43 сургууль, 126 цэцэрлэг, 21 дээд болон их сургууль,
коллежтэй, эрүүл мэнд, урлаг, соёл, спорт хөгжсөн дүүрэг юм. Цаашид хөнгөн
үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ , гадаад харилцааны салбар эрчимтэй хөгжих
боломжтой нутаг дэвсгэртэй.
Хан-Уул дүүрэг 2017 онд анх “Эко” дүүрэг болох зорилт тавин түүнээс хойш олон ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Үүнд: Дүүргийн томоохон аж ахуй нэгжүүд байгууллагынхаа ойр орчны гудамж талбайг тохижуулах, цэвэрлэх, ажилчдын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлийг өгч томоохон аж ахуйн нэгжүүд манлайлан ажиллаж байна. Нийслэл хотоос зохион байгуулдаг “Манай хороо-Миний гудамж” төсөлд Хан-Уул дүүргийн иргэд, оршин суугч, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, шагналт байрт орсон нь олон. Эко дүүргийн хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд дүүргийн ногоон байгууламж 2.8 дахин өсчээ. Дүүргийн хувьд барилга байгууламж ихтэй, гэр хороолол багатайгаараа онцлог. Тиймээс нийтийн эзэмшлийн зам талбайн ихэнх нь цемент, шороо байсныг аяны хүрээнд тохижуулан, цэцэрлэгжүүлэх ажлыг хийсээр байгаа. Жишээ нь, 120 мянгатад 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримал хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгуулсан. Зайсанд байрлах Бурхан багшийн хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, “Улаан ном”-д орсон ховор амьтдын хөшөөг байрлуулаад байгаа юм. 13 дугаар хороо буюу Шувуун фабрикд шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж тохижуулан хүлээлгэж өгчээ. 12 дугаар хороо буюу Био комбинатад бүтээн байгуулалт өрнөөгүй удсан байсныг зам шинээр тавьж, 50 ортой хүүхдийн эмнэлэг, хорооны байр, өрхийн эмнэлэг барьж байгуулжээ. Дахин энэ хороонд сургууль цэцэрлэг шинээр барьж байгаа юм.