Д.Сугар:  Намайг чөлөөлөгдсөнөөс хойш АТГ болон шүүх байгууллагууд ямар нэг мэдүүлэг байцаалт аваагүй
6 сарын 21, 2018

Өнгөрсөн тавдугаар сарын 9ний өдрөөр Үндсэн хуулийн цэцгийн гишүүн асан Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон билээ. Харин түүний оронд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Ш.Солонгыг цэцийн гишүүнээр томилсон. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Сугар тавдугаар сарын 20нд албан ёсоор цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн.

Прокурорын байгууллагаас түүнийг цэцийн гишүүн байхад “МИАТ” ТӨХК-ийн “Дайны эрсдэлийн сан”-гаас учир битүүлгээр алга болсон гэгдэх 700 сая ам.долларын асуудалтай холбоотой байж болзошгүй хэмээн ҮХЦ-ийн цэцийн гишүүнээс чөлөөлж шалгах хүсэлт гаргасан байдаг юм. Харин ҮХЦ бүрэн эрхийнхээ хүрээнд прокурорын байгууллагын хүсэлтийг хүлээж аваагүй.

Түүнчлэн цэцийн гишүүн асан Д.Сугарыг “Жаст” групын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж 109 ам.долларын зээл авсан асуудалд холбож түүнийг гэрээний зарим хэсэгт гарын үзсэг зурсан гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Энэ асуудалтай холбоотойгоор тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарыг шалгаж, хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл үүссэн. Гэвч энэ бүх асуудлыг шалгахад түүний цэцийн гишүүний бүрэн эрх хаалт болж  шалгалдалгүй хойшилсоор өнөөг хүрсэн юм.

Харин Д.Сугарыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөгдөнгсөн дариуд АТГ-аас шалгаж эхлэх байх гэсэн хүлээлт байсан билээ.

   Тэгвэл хууль хяналтын байгууллага АТГ-аас түүнийг шалгасан талаар ҮХЦ-ийн гишүүн асан Д.Сугараас тодруулахад :  “Би цэцийн гишүүн байхдаа ч шалгуулахад бэлэн гэдгээ хэлж байсан. Намайг бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөс хойш АТГ-аас мэдүүлэг аваагүй, хууль шүүхийн байгууллагаас ямар нэг байдлаар шалгасан зүйл байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дээр гарын үсэг зурсан нь хуурамч гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоочихсон. Одоо энгийн иргэн болсон тул амар тайван амьдармаар байна” гэсэн хариулт өгсөн юм.

 


 П.Оюунжаргал