Д.Амарбаясгалан: Баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдсэнээр худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох боломжтой
2 сарын 14, 2025

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын баруун бүсийн иргэдтэй хийх уулзалтууд Увс аймгийн Тариалан, Өндөрхангай сумдад үргэлжиллээ. Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулав.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулж, энэ парламентын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөнд хүн төвтэй хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхээр тусгасныг тодотголоо. Тэрбээр, хот, хөдөө хаана ч нийгмийн амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй энэ цагт хуулийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, аливаа хүний эрхийн зөрчил үүсэхгүй байх урьдач нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээв.

 

 

Улсын Их Хурлын дарга баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдэж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох нь бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн чиглэл гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, аймгуудын онцлогт нийцсэн хөгжлийн бодлого зэргийг уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна гэв. Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тариалан суманд үүрэн холбооны дахин дамжуулах станц байгуулах, эрчим хүчний шугам сүлжээний хүчдэл сайжруулах ажлуудыг тусгажээ.

Тариалан сумын иргэдийн 80 гаруй хувь нь газар тариалан эрхэлдэг атал салбарын бодлого төвийн бүс рүү зонхилон чиглэдэг нь хүртээмжгүй байгааг уулзалтад оролцогчид хэлж байв. Иргэдийн зүгээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч өгөхийг хүслээ. Түүнчлэн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлэв.