Ирэх сарын 1-нээс нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлнө.
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор Засгийн газраас 2017 онд шөнийн цахилгааны үнийг хөнгөлөхөөр шийдвэрлэсэн юм. Ингэхдээ цахилгааны үнийн тарифыг 50 хувиар хөнгөлж ирсэн бол энэ оноос 100 хувь чөлөөлж буй талаар Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ноос мэдээлж байна. Тус хорооны дарга А.Телейханы мэдэгдэж буйгаар 2017-2019 онд 29 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.
Энэ оны эхний 3 сарын дүнгээр 11.9 тэрбумын хөнгөлөлт олгожээ. Ингэснээр нийт 40 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг хэрэглэгч нарт үзүүлж олгоод байна.
Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж, үүнд 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна. Хөнгөлөлт энэ оны 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны 4 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ. Тэгвэл хөнгөлөлтийг айл өрхүүд ямар шаардлага шалгууртай байж эдлэх талаар ЭХЗХ-ны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Н.Болор-Эрдэнээс тодруулбал,энд:
- цахилгаан, эрчим хүчний өр төлбөргүй байх,
- цахилгааны аюулгүй байдлыг хангасан,
- өдөр шөнийн буюу 2 фазын тоолууртай байхад цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд бүрэн хамрагдана гэсэн юм.
Цахилгаан эрчим хүчний ахуйн хэрэглээг 3-7 дахин хөнгөлөх тооцоо гарчээ.