Нийслэлийн хэмжээнд анх удаа “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгууллаа. Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй хүүхэд гэмт хэргийн гэрч, хохирогч болсон судалгаа гарчээ. Тэдгээр хүүхэд цагдаагийн байгууллагад удаа дараа биеэр очиж мэдүүлэг өгөх шаардлагатай болдог. Энэ нь хүүхдийн амьдралд хар толбо үлдээгээд зогсохгүй сэтгэл зүйд нь хүндээр тусдаг учраас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг “Насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулсан байна.
Энэхүү өрөөг байгуулах болсон шалтгаан болон байгуулсны ач холбогдлын талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэгээс тодрууллаа.
-Хүүхэд цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхдөө сэтгэл зүйн хувьд айдастай, сэтгэл зүйн тогтворгүй байдлаас болж худлаа мэдүүлэг өгөх, өгсөн мэдүүлгээсээ буцах зэрэг асуудалтай тулгардаг. Тэгвэл “Насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулснаар хүүхэд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхгүй, хүүхдээс байцаалт авах цагдаа нар энгийн хувцастай байх, хүүхдийн орчин бүрдсэн газарт мэдүүлэг авах нь хүүхдийг сэтгэл зүйн хувьд таатай байх боломжийг бүрдүүлж буй юм. Хүүхдийн байгууллагын дэргэд тусгайлсан өрөө байгуулснаар хүүхдүүд цагдаагийн байгууллага руу очихгүй, цагдаа нартай уулзахгүйгээр чөлөөтэй, хүүхдэд ээлтэй орчинд гэмт хэргийн талаарх үнэн, зөв мэдээллийг өгөх боломж бүрдэнэ. НИТХ-ын төлөөлөгчийн хувиар гаргасан санаачилгыг хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон Номт ротари клуб дэмжиж, энэхүү өрөөг байгуулахад туслалцаа үзүүлсэн. Тус өрөө нь номын болон тоглоомын булантайгаас гадна хүүхдээс мэдүүлэг авах үед сэтгэл зүйч, хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хамт байж, хүүхэд айх аюулгүйгээр мэдүүлэг өгөх боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Тус өрөөнд камер байршуулсан бөгөөд хүүхдээс мэдүүлэг авах цагдаагийн ажилтныг дүрэмт хувцасгүй, энгийн хувцастай ажилладаг болгох хүсэлтийг зохих байгууллагуудад тавиад байна. Нааштайгаар шийдэх боломжтой гэсэн хариуг бидэнд өгсөн.
-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдүүд тус өрөөнд мэдүүлэг өгөх үү. Эсвэл тодорхой хороодыг тусгайлан зааж байгаа юу?
-Өрөөг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т буюу дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд байгуулсан. Аль нэг хууль, хүчний байгууллагын дэргэд биш. Эхний ээлжид Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэргийн гэрч, хохирогч болсон 16-18 насны хүүхдүүд тус өрөөнд мэдүүлэг өгч байгаа. Цаашдаа 16-аас доош насны хүүхдүүдийг тус өрөөнд мэдүүлгээ хуулийн дагуу өгдөг болгоход анхаарч ажиллаж байна. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн хэмжээний гэрч, хохирогч хүүхдүүд бүгд тус өрөөнд мэдүүлэг өгдөг болно.
-Жишиг “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулчихлаа. Цаашид нийслэлийн бусад дүүрэг, цагдаа, прокурорын байгууллагын дэргэд ийм өрөө байгуулахаар төлөвлөж байгаа юу?
-Энэ өрөөг жишиг болгон байгуулсан нь цаашид бусад газарт байгуулах шаардлагатайг харуулж буй юм. Шүүх болон бусад хуулийн байгууллагын дэргэд хүүхдээс мэдүүлэг авах өрөө байдаг хэдий ч хүүхдийн байгууллагын дэргэд байгуулах нь зүйтэй юм. Бусад дүүрэг ч мөн жишээ аваад байгуулаасай. Цаашлаад аймаг, сумдад байгуулаасай. Олон улсын түвшинд ийм өрөө байгуулснаар хүүхдийн сэтгэл зүйд эерэг нөлөөтэйг баталсан байдаг. 2020 онд гэхэд Узбекстаны Дээд шүүх НҮБ-тай хамтран хүүхдээс мэдүүлэг авах өрөөг байгуулсан байдаг.
Нөгөөтээгүүр хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийг гэмт хэргийн хохирогч, гэрч болчихсон хойно нь бус, гэмт хэрэгт өртөхөөс нь урьдчилан сэргийлэх цогц ажил хийх шаардлагатай байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР