Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм.
Эрт илрүүлгийн үзлэгт эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн сурагчид хамрагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1,100 сурагч, 62 багш, ажилтнууд хамрагдаад байна.
Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй 29 тохиолдлыг илрүүлж, сорил тавих, баталгаажуулах шинжилгээг давхар хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хяналтад оруулсан байна.
Түүнчлэн энэ үеэр коронавируст халдварын дараах шинж тэмдгийн илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт 6-12 ангийн сурагчдыг хамруулж байна
“Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг “СХД-ийн ЕБС-уудад сүрьеэ болон ковидын дараах шинж тэмдэг илрүүлэх үзлэгийг амжилттай зохион байгуулж байна. Эрт илрүүлэг үзлэгт 6-12 ангийн сурагчдыг хамруулж байна.
Өнөөдрийн байдлаар 1,000 гаруй сурагчийг үзлэгт хамруулсан. Цаашид ч гэсэн бид ЕБС-уудын сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт анхаарах хэрэгтэй. Учир нь өсвөр насны хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж, эмчлэх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодит алхам юм.
СХД-ийн хувьд хүн ам, өвчлөл олонтой, алслагдмал байршилтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор бид энэ удаагийн эрт илрүүлэх үзлэгийг хийж байна. Үзлэгийн дараа эмч нарын нэгдсэн дүгнэлт хийгдэнэ.
Мөн өнөөдөр сэжигтэй гэсэн тохиолдлуудад СХД-ийн сүрьеэгийн диспансераас сорил тавьж, баталгаажуулах шинжилгээнд хамрууллаа. Энэ ташрамд хамтран ажиллаж буй ЕБС-уудын захиргаа, хамт олон, СХД-ийн сүрьеэгийн диспансер болон сүрьеэгийн эмч Ц.Загиржав, н.Энхбаяр, М.Тунгалаг болон рентген техникч, ахлах дэслэгч н.Буянбат нарт талархсанаа илэрхийлье.
Мөн явуулын дижитал рентген зөөврийн аппаратаар туслалцаа үзүүлэн ажилласан ШШГЕГ-ын харьяа Хорих 429-р ангийн удирдлага, хамт олонд мөн талархсанаа илэрхийлье” гэлээ.
Сүрьеэгийн эмч Ц.Загиржав “Сургуулиудад дижитал рентген аппаратын тусламжтайгаар сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэг хийж ажиллалаа. Энэ үеэр сүрьеэтэй байж болзошгүй гэж сонгон авсан хүүхдүүдэд сорил тавьж, шаардлагатай шинжилгээнүүдийг хийж байна.
Шинжилгээний хариу гарсны дараа хийгдэх эмчилгээнүүдийг дүүргийн диспансертай хамтран хийхээр ажиллаж байна. Эрт илрүүлэх үзлэг хийснээр хүүхдийг сүрьеэгийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд эрт илрүүлж, оношлох, эмчлэх, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.” гэв.
Энэхүү сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх үйл ажиллагааг цаашид нийслэлийн хэмжээнд Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах юм.