Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Өнөөдөр 38 дахь удаагийн цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн “ЖиСиАй капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийн нээлт болсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо. Мөн “ЖиСиАй капитал”, Монголын донорын холбоо зэрэг төрийн бус байгууллагынхан хүрэлцэн ирсэн юм.
“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг ЦССҮТ НЗДТГ-тай газартай хоёр дахь жилдээ хамтран тэмдэглэж байгаа юм.
“Цусны донор гэдэг бол хариу нэхдэггүй буянтай хүмүүс байдаг. Бид доноруудад илүү ойртож, өнөөдөр “Дүнжингарав” төвд цус цуглуулах төвийг байгуулж, шинээр ашиглалтанд оруулж байна. Цаашдаа бүх дүүргүүддээ цус цуглуулах төв байгуулах зорилго тавин ажиллаж байна. Улсын хэмжээний цусны хэрэглээний 80 хувийг нийслэлд хэрэглэдэг” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.
Энэхүү өдрийн хүрээнд “Алтан донор” цол тэмдгээр донор Д.Дашням, “Мөнгөн донор” цол тэмдгээр донор Ю.Цэрэнчимэг, “Хүрэл донор” цол тэмдгээр донор Д.Ганчимэг нарыг шагнаж алдаршууллаа. Мөн “Бахархал-40”” тэмдгээр донор Ж.Даваадагва, “Бахархал-30” тэмдгээр донор Г.Энхчимэг, “Бахархал-20” тэмдгээр донор Ж.Гэрэлт-Од, “Бахархал-10” тэмдгээр донор Ц.Энх-Амгалан нарыг тус тус шагнав. Түүнчлэн МУЗН-ийн “Нигүүсэл” мөнгөн шагналыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн нийтийн тээврийн хэлтсийн дарга Б.Түвшинжаргалд, МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” медалийг JCI капитал байгууллагын 2018 оны Ерөнхийлөгч Ж.Сандагсүрэн, “Нүүдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх нарт тус тус хүртээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.