Манай улс өчигдрөөс эхлэн БНЭУ-аас оруулж ирсэн АстраЗенека компанийн вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн билээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Бидний хүлээн авсан АстраЗенека компанийн аденовирусийн векторт суурилсан рекомбинант вакцины нэг хувилбар болох “Covishield” вакцины нэг хүн тун нь 0.5 мл, нэг флаконд 10 хүн тунгаар савлагдсан.
Үүнийг нэг хүнд 0.5 мл-ээр булчинд тарьж хэрэглэнэ. Уг вакцинжуулалтад манай улс 18-аас дээш насны бүх хүнийг хамруулах боломжтой.
Коронавирусийн эсрэг вакцины дархлаажуулалтад хамгийн түрүүнд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, халдварын голомтод ажиллаж буй онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилчдыг хамруулна.
Дараа нь 50-аас дээш насны хүмүүс болон архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Эрүүл мэндийн байгууллагын ажилтан дотроо эхлээд халдварын яг голомтод ажиллаж буй эмч нар, дараа нь дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг дархлаажуулна.
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
- COVID-19-ийн эсрэг вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх,
- Эмчийн үзлэгт орох,
- Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх,
- Дулаан хувцаслах,
- Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй байх,
- Вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх,
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих /амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих... гэх мэт/
Бусад товлолын дархлаажуулалтаас арай өөр зүйл нь дээр дурдсан вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх журамтай.
Вакцины эсрэг заалттай хүмүүс:
- Вакцины найрлагад орсон бодист харшилтай
- Эм, ялангуяа антибиотикт харшилтай
- Өмнө нь ямар нэг вакцин хийлгээд анафилаксийн шоконд орж байсан
- Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
- Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
- 38.5-аас дээш халуунтай
- Дархлал дутмагшилтай
- Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
- Халдварын эмчилгээний цитостатик эм хэрэглэж буй үед
- Жирэмсэн эмэгтэй байна.
Харин хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болох заалттай байна.
Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
- Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих... гэх мэт/
- Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
- Давтан тунгаа товлолт хугацаанд хийлгэх
Ер нь вакцин хийлгэсэн хүмүүс ажлын ачааллаа тэнцүүлэн хэт ядрахгүй байж, боломжтой бол вакцин хийлгэсэн эхний өдрөө гэртээ байж биеийн эсэргүүцлээ сайжруулахыг зөвлөж байна" гэв.