Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.23) хуралдаан 09 цаг 25 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийнгазраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэнМонгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, ирэх онд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, төсвийн зарлагын реформыг хийж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувьтай байхаар тооцож төсөлд тусгасныг онцоллоо.
Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс төсвийн орлогыг бодитой төлөвлөсөн эсэх, хил гаалиар нэвтрүүлж байгаа нүүрсний хэмжээг зөв тооцсон талаар илүүтэй тодруулж байв. Түүнчлэн хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний талаарболон ипотекийн зээлд улсын төсвөөс хөрөнгө төсөвлөсөн эсэх, холбогдох журамд өөрчлөлт оруулж баталсаныг лавлаж байлаа.
2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа орлогоо сайтар судалж байж, зарлагаа тэр хэмжээгээр тооцох зорилготой ажилласан. Уул уурхайн салбараас бүрдүүлэх орлогын хувьд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ бидний тооцоолсноос доош байвал төсвийн орлогод эрсдэл үүсэх тал байгааг Сангийн сайд хариултдаа онцлов. Мөн тэрбээр, 2019 онд 43 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон бөгөөд ингэхдээ хил, гаалийн хяналтыг сайжруулах асуудалд анхаарч төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө чармайж ажиллана гэж байлаа. Тухайлбал, экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэх замаар төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлж татварыг бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг 2019 оноос хэрэгжүүлэхээр болжээ. Гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр Монгол Улс газрын баялгаас татвараа бүрэн авах, улмаар бүтээгдэхүүний сорьцын шинжилгээг хилээр орох, гарах тухай бүр хийж экспорт импортоос олох орлогоо бүрэн хураадаг болно. Үүний тулд хилийн боомтууд дээр эрдэс бүтээгдэхүүн, газрын тос, автобензин, дизель түлшний төрөлжсөн, орчин үеийн лабораториудыг 2019 оноос үе шаттай байгуулж, лабораторийн техник, тоног төхөөрөмж, хүчин чадлыг шинэчлэх ажлыг эхлүүлэх аж. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, 2018 онд Засгийн газар арилжааны банкуудаасзээл авахыг зогсоож, өндөр хүүтэй, хугацаа богинотой гурван их наяд төгрөгийн зээлийг төлсөн. Иймд арилжааны банкууд энэ хэрийн хөрөнгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулж, зээл олгосон. Харин хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох УИХ-ын тогтоол нэгэнт гарсан тул, одоогоор хүсэлт гаргасан хүүхдийн судалгааг хүлээн авч, дүнгээ нэгтгэх ажил хийж байна гэж байлаа.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,Засгийн газраас 2019 онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өмнө нь нэг ч төгрөг улсын төсвөөс төсөвлөдөггүй байсан бол ирэх жил 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мэт ядуурлыг бууруулах олон арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2016 онд ажилгүйдэл 10 хувьтай байсан бол 2018 онд 7,7 хувь болж буурсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банктай хамтран зургаан дэд төв байгуулж нийслэлийн төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсныг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан дурдаад, нийслэлийн Баянхошуу, Дамбардаржаа хэсэгт орон сууц барих дэд бүтцийн ажлуудыг эхлүүлээд байгааг дурдав. Мөн ипотекийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг боловсруулаад Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал авахаар хүргүүлээд байгаагаа хариултдаа онцоллоо. 2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд улсын төсвөөс115 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.