НМХГ: Угаарт гурван настай хүүхдээ алдсан эх ухаан ороогүй байна
10 сарын 22, 2019

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр /2019.10.22/ "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 41 иргэн эмчилгээ хийлгэж байна.  Угаарын хийнд найман хүн хордож нас барсан. Нийт 538 хүн хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс 220 нь хүүхэд байгаа аж.

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас мэдээлснээр угаарын хийнд хордож амь насаа алдсан хэргийг анхаарлын гадна талд үлдээхгүй гэлээ. Үүнээс урьдчилан сэргийлэх, аж ахуй нэгж хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалав. Мөн түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хяналтын цэгүүд ажиллаж буй юм байна. Гэвч түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчил илэрчээ.

ӨНГӨРӨГЧ БЯМБА ГАРИГТ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД УГААРТАЖ НАС БАРСАН

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний угаар гадаад орчинд гарахдаа хоргүй, дотоод орчинд угаар үүсч байгаа. Зуух, яндан, галлагаанаас болж иргэд угаартаж байна. Зөв галлагаа, аюулгүй байдлыг хангах ёстой. Дуудлагын хувьд Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их байлаа. Түүхий нүүрсний асуудалд хяналт шалгалт хийж байна. 70128012, 77775000 шуурхай утсанд мэдээлэл өгөхийг хүсч байна.

Түлшний чанарт байнга хяналт тавьж мэдээлэл өгнө. Цаашид зуух, яндан галлагааны талаар иргэдэд мэдээлэл өгч НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, зөв галлаагааг зааж өгөөд ажиллах юм бол утаагүй өвөлжих зөв хэвшилд орно. Айл бүрт нэг удаа дохиолол тавьж өгнө. Хүний амь насны эндэгдэл байх боловч, угаартах асуудал хэвийн байна. Түлшинд эргэлзэх юм байхгүй. Барьцалдуулагчид байнга хяналт тавьж байна. Түлшийг бид хариуцъя зөв галлагаа аюулгүй байдалд бүх нийтээрээ оролцохыг уриалмаар байна. 242 байгууллага түүхий нүүрсний зөвшөөрөлтэй. Иргэдэд түүхий нүүрс түлэхгүй байхыг удаа дараа анхааруулж байна. Өчигдрөөс эхлэн зөрчлийн хэрэг үүсгэхээр болж прокурорын байгууллагад хандсан. Иргэн 300 мянгаас нэг сая төгрөг хүртэл аж ахуй нэгж 10 сая хүртэл арга хэмжээ авах хуулийн заалт бий. Сайжруулсан түлш хүний биед хортой сөргөөр нөлөөлөх зүйлгүй.

Өнгөрөгч Бямба гаригт Баянзүрх дүүрэгт гурван настай хүүхэд угаартаж нас барсан. Ээж болох 33 настай иргэн одоо эмчилгээ хийлгэж байна. Ухаан ороогүй байна. Анх ирэхдээ зүүн хөл нь дарагдаж хөхөрсөн байсан гэсэн. Сайжруулсан түлш өнгө үнэргүй болохоор угаар гарч байгааг мэдэхгүй гүн хордлогод ороод байна” гэлээ.