ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дэлхий дахинд шинэ коронавирусний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюулгүйн-III зэргийн лабораторийг болзошгүй аюулаас сэрэмжлэн, коронавирусний оношилгоо хийх бэлэн байдлаа хангахыг үүрэг болголоо.
Улсдаа цор ганц энэхүү лабораторийг ХХААХҮЯ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2008 онд ашиглалтад оруулсанаас хойш мал амьтны гоц халдварт шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайн корона, гастроэнтр, үржил хам шинж, галзуу зэрэг 70 гаруй өвчнийг молекул түвшинд оношилж, онош баталгаажуулах шинжилгээ гүйцэтгэж байна.
Жилд 600 гаруй хандалтаар 10000-15000 дээж хүлээн авч, 18000 гаруй сорил шинжилгээ хийдэг уг лабораторийг мал, амьтны гоц халдварт өвчний оношилгоо, шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглах бүрэн боломжтой аж.
Монгол Улс Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага /ДМАЭМБ/ болон олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд улс орондоо тохиолдсон гоц халдварт өвчний оношийг олон улсын лавлагаа лабораториор баталгаажуулж, олон улсад мэдээлдэг зарчимтай.
Тухайлбал ДМАЭМБ-ын лавлагаа лаборатори болон бүс нутгийн лавлагаа лабораторид 2000-2019 онд мал, амьтны гоц халдварт 7 өвчний онош баталгаажуулахаар 75 удаа дээж илгээжээ. 2008 оноос хойш онош баталгаажуулалт олон улсын лавлагаа лабораторийн дүнтэй 100 тохирч байгаа аж. Хамгийн сүүлд 2016, 2018 онд Монгол улсад анх удаа бог малын мялзан, гахайн африк мялзанг оношилж олон улсын лабораториор баталгаажсан байна.
Биоаюулгүйн III зэргийн лабораторид 2017 онд 17 эмч мэргэжилтэн 308 удаагийн оролтоор 469 цаг, 2018 онд 20 гаруй эмч, мэргэжилтэн 250 удаагийн оролтоор 996 цаг, 2019 онд 160 удаагийн оролтоор 320 цаг биоаюулгүй дэглэм баримтлан оношилгоо, шинжилгээ, үйлчилгээний ажил гүйцэтгэжээ.