Хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан 16 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнгөрсөн сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулж ажиллуулжээ. Байнгын хорооны ажлын хэсэг төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналуудыг судалж нягтлан зарчмын зөрүүтэй саналын зарим томьёолол бэлтгэснийг ажлын хэсгийн ахлагч танилцуулав.
Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн 10.4-т заасны дагуу гарах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд ямар ямар шаардлагыг нэг мөр хангасан байхыг агуулсан 10.9-10.11 дэх хэсгийг нэмэхээр тогтов. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.4.13 дахь заалтыг “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн талаарх илт худал мэдээлэл нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ноцтой саад учруулахаар бол тухайн мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөл байдалд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авах” гэж, 10.4.17 дахь заалтыг “зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжлээ. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 17 дахь заалт буюу 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтыг “гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлэх” гэж өөрчлөн найруулахаар болов.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хийлээ.
Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Иймээс Улсын Их Хурлын бүх Байнгын хороо хуралдаанаараа энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гаргасан санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм.
Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр бичгээр зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр танилцуулга хийлээ. Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Конвенцыг соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ
Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав.
Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр монгол иргэд олноор зорчдог улсуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлд Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч иржээ. Одоогоор манай улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 12 гэрээ байгуулаад байгаа бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн 1983 оны конвенцид нэгдэж ороод байгаа аж.
Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Америкийн улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус нийт 21 улс нэгдэн орсон бөгөөд үүнд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор зорчдог Америкийн Нэгдсэн Улс, Канад, Бразил, Мексик зэрэг улс багтдаг. Иймээс гадаадад хорих ял эдэлж байгаа иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Монгол Улс нэгдэж орох нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.
Тус конвенц нь аливаа улс нэгдэн ороход нээлттэй бөгөөд Монгол Улс конвенцыг соёрхон баталж, батламж жуух бичгээ Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хадгуулахаар хүргүүлсэн өдрөөс хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болох юм байна.
Конвенц нь 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгажээ.
Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь конвенцыг соёрхон батлахыг дэмжлээ.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хаалттай горимоор хэлэлцэв.
Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ
Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.
Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй.
Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.
Харин нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой.
1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажилллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.
Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Энхбаяр нар Ерөнхийлөгчийн зөвлөх болон Гадаад харилцааны сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлээд томилогдсон улсдаа сурч, ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг хүргэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд санаачлагатай, идэвхтэй бүтээлчээр ажиллахыг захилаа.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөхийг дэмжив. Мөн Д.Ганхуяг, Б.Ганболд нарыг Элчин сайдаас эгүүлэн татах саналыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.